Өнөөдөр /2026.06.19/ МУИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын “Эрдмийн баяр”-ын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо. Дээд боловсролын ууган голомт Монгол Улсын Их Сургууль 1946 онд анхны төгсөлтөө хийж байсан бол 2025-2026 оны хичээлийн жилд 81 дэх удаагийн эрдмийн баяраа зохион байгууллаа.


2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улиралд МУИС-ийг бакалаврын түвшний 2012, ахисан түвшинд магистрын 465, докторын 23, хавсарга хөтөлбөр 13, монгол хэлний бэлтгэл хөтөлбөр 49, нийт 2562 суралцагч сургалтын хөтөлбөрийг амжилттай дүүргэн төгсөж байна.

81 дэх удаагийн эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр МУИС хэмээх эрдмийн овогтон, оюунлаг манлайлагч залуусаа Монгол Улсын хөгжлийг түүчээлэх их үйлсийн аянд үдэн мордуулах бахархалт өдөр билээ. Бид 2025-2026 оны хичээлийн жилд сургалтын олон талт хэлбэрийг хөгжүүлэх, оюутны хөрвөх чадварыг дээшлүүлэх, судалгааны цар хүрээ, хэрэглээг өргөжүүлэх гурван чиглэлийг онцлон анхаарч ажиллалаа. Эрхэм төгсөгч та бүхэн аливаа үйл хэрэгт түүчээлэн манлайлагч, түгээн дэлгэрүүлэгч, шинийг санаачлагч, шинжлэн дүгнэгч байж, ирээдүйн гэгээ, итгэлийн оч болж яваарай. Та бүхний мэргэжил боловсрол, ур чадвар, хүмүүжил төлөвшил Монгол сайхан орны маань хөгжил цэцэглэлт, ирээдүйн сайн сайхны тулгуур багана болох нь баттай” гээд аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөлөө.



Эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөгч, Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн төгсөгч, Могул группийн технологи хариуцсан захирал Б.Цээсүрэн, МУИС-ийн Нийгмийн ажлын хөтөлбөрийн анхны төгсөгчдийн нэг, Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвийн үүсгэн байгуулагч Ч.Ундрах нар төгсөгчдөд үнэт сургааль, урам итгэлийн үг хэлж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.



Мөн нийт төгсөгчдийг төлөөлөн Улс Төр Судлал, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн төгсөгч Т.Дөлгөөн, Бизнесийн сургуулийн төгсөгч Ц.Эгшигмаа, Шинжлэх ухааны сургуулийн төгсөгч Д.Маралгуа нар үг хэлж, багш профессорууд, төрөлх сургууль, гэр бүл, анд найзууддаа талархал илэрхийлэн амжилт хүслээ.



Өчигдөрхөн сурч, мэдэхийн төлөө тэмүүлж байсан МУИС-ийн оюутнууд өнөөдрөөс хийж бүтээхийн төлөө зорьсон МУИС-ийн төгсөгч боллоо. МУИС хэмээх эрдмийн овгоор овоглодог 100,000 гаруй мянган төгсөгчдийн халуун ам бүлд нэгдэж буй нийт төгсөгчдөдөө амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.


