Монгол Улсын Их Сургууль (МУИС) болон Бээжингийн Гадаад Судлалын Их Сургууль (BFSU) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаа боллоо.
Уулзалтад МУИС-ийг төлөөлж Ректор, профессор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор профессор Ц.Баатарчулуун, Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор профессор Д.Заяабаатар, Хүмүүнлэгийн ухааны салбар хариуцсан дэд захирал дэд профессор Г.Элдэв-Очир, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч дэд профессор Т.Эрдэнэ-Очир, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр болон Хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн. Г.Наргил нар оролцлоо.


BFSU-г төлөөлж дэд захирал ZHAO Gang Ази судлалын сургуулийн зөвлөлийн дарга XU Ye, Олон улсын солилцоо, хамтын ажиллагааны газрын дэд дарга MA Zhongwu болон Ази судлалын сургуулийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч HUANG Ying нар МУИС-д хүрэлцэн ирж хамтын ажиллагааны талаарх санал солилцлоо.

BFSU-гийн дэд захирал ZHAO Gang МУИС-ийн монгол хэлний ангид суралцсан оюутнууд нутагтаа сэтгэл өндөр буцсан талаар талархан дурдаад эдгээр оюутнууд нь хоёр сургуулийн төдийгүй хоёр улсын хоорондын найрамдалт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулах хүний нөөц болон бэлтгэгдэж буй талаар онцоллоо.

Уулзалтын үеэр талууд МУИС-ийн хятад хэлний чиглэлээр суралцаж буй оюутнуудад BFSU-д бизнесийн чиглэлээр давхар суралцан хоёр их сургуулийн диплом эзэмших боломжийг бүрдүүлэх талаар хэлэлцэн энэхүү санаачилга нь хэлний боловсролыг мэргэжлийн мэдлэгтэй хослуулсан, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэхэд чиглэж буйгаараа онцлог гэдэгтэй санал нэгдлээ.

Мөн Монгол Улсад ажиллаж буй хятад хэлний багш нарыг BFSU-д мэргэжлийн хөгжлийн болон чадавхжуулах сургалтад хамруулах, сургалтын шинэ арга зүй, туршлагыг нэвтрүүлэх талаар ярилцлаа. Энэ нь хятад хэлний сургалтын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтойг хоёр сургуулийн удирдлагууд онцоллоо. Түүнчлэн гадаад хэлний сургалтад хиймэл оюун ухааныг ашиглах чиглэлээр BFSU-д буй сайн туршлагыг судалж үзэх боломжтойг тус сургуулийн төлөөлөгчид дурдлаа.
Уулзалтын үеэр BFSU-д хэрэгжиж буй Монгол судлалын хөтөлбөрийг дэмжих, сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг дэмжих, хоёр их сургуулийн судлаачдын хамтарсан судалгаа, академик солилцоог өргөжүүлэх асуудлыг мөн хэлэлцлээ. BFSU-ийн 85 жилийн ой энэ жил тохиож буйг тус сургуулийн төлөөлөгчид дурдаад ойн арга хэмжээнд МУИС-ийг төлөөлөгчдийг оролцохыг найрсгаар урьж буйг МУИС-ийн удирдлага талархан хүлээн авлаа.
Уулзалтын төгсгөлд хоёр их сургуулийн төлөөлөгчид хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, боловсрол, шинжлэх ухаан, судалгаа, соёлын солилцооны чиглэлээр урт хугацааны түншлэлээ бэхжүүлэхээ бататгав.

Энэхүү санамж бичиг нь МУИС-ийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан, багш, судлаачдад дэлхийн түвшний боловсрол, судалгааны орчинд ажиллах шинэ боломжуудыг нээж буй чухал алхам болж байна.

Beijing Foreign Studies University буюу Бээжингийн Гадаад Судлалын Их Сургуулийн тухай: BFSU нь БНХАУ-ын Боловсролын яамны шууд харьяанд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд, гадаад хэл, олон улсын харилцаа, орон судлалын чиглэлээр Хятадын хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг юм. Тус сургууль 1941 онд байгуулагдсан бөгөөд Бээжин хотын Хайданг дүүрэгт байрладаг. Хятадад хамгийн олон буюу 100 гаруй гадаад хэл заадаг их сургуульд тооцогддог. 2026 оны байдлаар 102 дахь хэлээ нэвтрүүлсэн байна.
BFSU нь Хятадын төрийн болон дипломат албанд олон мянган төгсөгч бэлтгэсэн тул “дипломатуудын өлгий” хэмээн нэрлэгддэг. Төгсөгчдийн дунд 500 гаруй Элчин сайд ажиллаж байжээ. Түүнчлэн хэл шинжлэл, орчин үеийн хэлний судалгаагаар Хятадад тэргүүлэх байр суурь эзэлдэг бөгөөд гадаад хэл, утга зохиолын чиглэлээр улсын хэмжээнд хамгийн өндөр үнэлгээ авсан сургуулиудын нэг юм. BFSU нь зөвхөн хэлний сургууль биш бөгөөд дараах чиглэлээр сургалт явуулдаг:
- Олон улсын бизнес
- Эдийн засаг, худалдаа
- Олон улсын харилцаа ба дипломат ажиллагаа
- Хууль
- Сэтгүүл зүй, олон нийтийн харилцаа
- Орчуулга, хэл шинжлэл
- Хятад хэл, соёл судлал
Тус сургууль дэлхийн олон орны их сургуулиудтай хамтран ажилладаг бөгөөд олон улсын оюутны солилцоо, хамтарсан хөтөлбөр, давхар дипломын сургалтаараа алдартай. Жил бүр 1,000 гаруй олон улсын оюутан элсэн суралцдаг ажээ.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

