ЭМГЭНЭЛ

/1964-2026 он/
Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Европ судлалын тэнхимийн ахмад багш, доктор (Ph.D), дэд профессор ЖАДАМБЫН АРИУН таалал төгсөж, Монголын дээд боловсрол, герман судлалын салбар, Монгол Улсын Их Сургууль, үе үеийн шавь нар, хамт олон, төрөл төрөгсөд, анд нөхдөд нь нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Жадамбын Ариун нь 1964 онд Өмнөговь аймгийн Булган суманд төрсөн бөгөөд 1972-1982 онд Улаанбаатар хотын 5 дугаар дунд сургууль, 1986 онд Герман улсын Мартин Лютерийн Их сургуулийг ургамал хамгаалал мэргэжлээр, 1991 онд МУИС-ийг Герман хэлний хэлмэрч, 1995 онд ОТИС-ийг герман хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн бөгөөд 1997 онд МУИС-д хэл шинжлэлийн магистр, 2004 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Хэл шинжлэлийн ухааны Доктор (Ph.D)– ын зэрэг хамгаалсан билээ.
Тэрээр 1991-1996 онд Отгонтэнгэр их сургуульд герман хэлний багш, 1996-2004 онд тэнхимийн эрхлэгч, 2004-2010 онд МУИС-ийн Гадаад хэл соёлын сургуулийн Герман судлалын тэнхимийн эрхлэгч, 2010-2012 онд ГХСС- ийн сургалтын албаны дарга, 2013 оноос ШУС- ийн ХУС- ын Европ судлалын тэнхимийн багшаар тус тус ажиллаж байв. Мөн Төрөл бус хэлний зэрэгцүүлсэн хэл шинжлэлийн докторантурын хорооны гишүүн, “Австрийн Герман хэлний диплом”-ын шалгагч багш, ГХСС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэл, орон судлалын профессорын хамтлагийн гишүүнээр ажиллаж иржээ.
Ж.Ариун нь боловсрол, шинжлэх ухааны салбарт амьдралынхаа гуч гаруй жилийг зориулж, герман хэл шинжлэл, орчуулга, герман хэлний сургалт, судалгааны чиглэлээр олон арван жил үр бүтээлтэй ажилласан нэр хүндтэй эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч байлаа. Тэрээр багшлахын зэрэгцээ тэнхим, сургалтын албыг удирдан зохион байгуулж, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, чанарыг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх үйл хэрэгт манлайлан оролцож, Монгол Улсын Их Сургуулийн хөгжил, Монгол улс дахь Герман судлал, Герман хэлний боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Эрхэм багш маань найруулга зүй, өгүүлбэрзүй, үгийн сан судлал, дискурсын хэл шинжлэл зэрэг чиглэлээр олон үеийн бакалавр, магистр, докторын оюутнуудад мэдлэг түгээж, эрдэм шинжилгээний ажилд нь чиглүүлэн зөвлөж, судалгааны сонирхлыг нь дэмжин хөгжүүлсэн, жинхэнэ багш хүний үлгэр дуурайлал байсан билээ.
Түүний МУИС-д тасралтгүй 20 жил, боловсролын салбарт 33 жил ажиллаж сурган хүмүүжүүлэх болон эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажилд олон өндөр амжилт гаргасныг үнэлэн 2010 онд МУ-ын Боловсролын тэргүүний ажилтан цолоор, 2026 онд Монгол улсын төрийн шагнал “Алтан гадас” одонгоор шагнасан юм.
Багш маань ажилдаа үнэнч, өндөр хариуцлагатай, бүтээлч сэтгэлгээтэй, хамт олондоо эерэг уур амьсгал түгээдэг, хүнлэг сайхан зан чанартай, шавь нарынхаа амжилтаар бахархдаг, эрдэм мэдлэгээс гадна хүн чанарыг эрхэмлэн сургадаг эрхэм хүн байв. Түүний даруу төлөв зан, өндөр ёс зүй, багш хүний эрхэм үнэт зүйлс нь хамт олон, шавь нарынх нь сэтгэлд үүрд мөнхөд хадгалагдан үлдэх болно.
Түүний эрдэм судлалын бүтээл, сурган хүмүүжүүлэх үйлс, Монголын герман судлалын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр нь үеийн үед үнэ цэнээ хадгалж, эрхэм багшийн минь гэгээн дурсамж Монгол Улсын Их Сургуулийн түүхэнд мөнхөд үлдэх болно.
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

