Хайж байна...

Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төв БНСУ-ын Дэлхийн К-соёлын консерциумтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Share Button

МУИС-ийн ШУС-ийн Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төв болон БНСУ-ын Хүмүүнлэг, нийгмийн ухааны нэгдсэн боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр (HUSS)-ийн Дэлхийн К-соёлын консерциум хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Хүмүүнлэг, нийгмийн ухааны нэгдсэн боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр нь салбар хоорондын нэгдсэн боловсролоор дамжуулан асуудал шийдвэрлэх чадвар, нэгдмэл сэтгэлгээ бүхий ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх зорилготой бөгөөд БНСУ-ын Боловсролын яамны дэмжлэгтэйгээр Солонгосын Судалгааны Сан (NRF)-аас хэрэгжүүлдэг үндэсний төсөл юм. Дэлхийн К-соёлын консерциум нь 2023 онд уг хөтөлбөрт сонгогдсон бөгөөд БНСУ-ын Данкүүкийн Их Сургуулийг тэргүүлэх сургууль болгон, Дунсо Их Сургууль, Вонгван Их Сургууль, Чонган Соёлын Аж Үйлдвэрийн Их Сургууль, Хансо Их Сургууль хамтран оролцож байна.

Консорциум нь I үе шатанд (2023–2025) кино, олон ангит кино, хөгжим, тайзны урлаг, вебтүүн, анимэйшн, уран зохиол, веб роман зэрэг K-соёлын олон чиглэлийн нэгдсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлсэн байна. II үе шатанд (2026–2028) шинэ медиа болон тоглоомын салбарыг нэмж, дижитал контентод суурилсан дэлхийн K-соёлын нэгдсэн боловсролыг улам өргөжүүлэхийн зэрэгцээ, гадаад дахь төслийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл-их сургууль болон олон улсын хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхээр төлөвлөжээ.

Энэхүү төслийн хугацаанд боловсролын хөтөлбөрөөс гадна олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж буйн нэг ажил бол МУИС-ийн Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төвтэй харилцан ойлголцлын санамж бичиг (MOU) байгуулж, оюутан, багш, ажилтны солилцоо, хүний нөөц болон боловсролын нөөцийг хамтран ашиглах, K-соёлын контентын орчуулга, хэлмэрчийн үйлчилгээ болон дадлагын хөтөлбөр хэрэгжүүлэх, харилцан хөгжилд чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон явдал юм. Энэ хүрээнд K-соёлын контентын мэргэжлийн орчуулагч, хэлмэрч бэлтгэх, мөн оюутнуудын олон улсын түвшний ажил мэргэжлийн болон хөдөлмөр эрхлэлтийн чадавхыг дээшлүүлэх бодит хамтын ажиллагааны суурийг бүрдүүлснээрээ онцгой ач холбогдолтой юм.

Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах ёслолын үйл ажиллагаанд Солонгосын талаас БНСУ-ын Данкүүкийн их сургуулийн Дэлхийн К-соёлын консерциумын дэд дарга Hwang Yun Ja, тус сургуулийн монгол судлалын багш доктор Choi Yoon Seo, Монголын талаас МУИС-ийн ШУС-ийн ХУС эрхэлсэн дэд захирал Г.Элдэв-Очир, ШУС-ийн Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төвийн эрхлэгч Ш.Эгшиг, тус сургуулийн багш Л.Соёл, Э.Мөнх-Учрал, Б.Нэргүйжаргал, Б.Аззаяа, Н.Гэрэлмаа, Б.Пүрэвсүрэн, оюутан Г.Хишигбаясгалан нар оролцлоо.

Санамж бичгийг байгуулсны дараа Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төвийн танилцуулгыг хийж, хамтын ажиллагааны боломж нөхцлийн талаар талууд санал солилцов.


Энэхүү ёслолын болон уулзалтын үйл ажиллагаанд МУИС-ийн Эх бичиг судлал хөтөлбөрийн анхны төгсөгч, “Гео зураглал” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Мөнхбаяр солонгос хэлний хэлмэрчилгээ хийв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар