Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо 2026 оны 8 дугаар сарын 2-ноос 8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Олон улсын хиймэл оюуны 3 дугаар олимпиад (IOAI 2026)” амжилттай үргэлжилж байна. Тус олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг МУИС-ийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургуулийн эрдэмтэн багш нар удирдан чиглүүлж байна.
Энэхүү дэлхийн хэмжээний нэр хүндтэй тэмцээнд өрсөлдөж буй Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд Үндэсний болон Ази, Номхон далайн бүсийн хиймэл оюуны олимпиадаас шалгарсан 4 шилдэг сурагч багтсан бөгөөд бүсийн олимпиадад Монголын багийн гишүүн хамгийн өндөр оноогоор алтан медаль хүртсэн юм.
Монгол Улсын багийг МУИС-ийн МТЭС-ийн Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийн дэд профессор, доктор З.Цолмон болон магистр О.Билгүүн нар дасгалжуулагч багшаар ахлан ажиллаж байна.

Онцлон тэмдэглэхэд, олон улсын тэмцээнд өрсөлдөх багийг тодруулах Үндэсний хиймэл оюуны олимпиадыг МУИС амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ дэлхийн дэвжээнд сойж байгаагаараа их сургуулийн хувьд онцлог үйл явдал болж байна.
2024 оноос эхлэн зохион байгуулагдсан хэдий ч IOAI нь дэлхийн хамгийн том олон улсын шинжлэх ухааны олимпиадуудын нэг хэдийнээ болж чаджээ. Энэ жилийн олимпиадад дэлхийн 106 улсын 472 шилдэг сурагч хүрэлцэн ирсэн нь оролцогч орныхоо тоогоор Олон улсын математикийн олимпиадын (IMO) дараа буюу 2 дугаарт эрэмбэлэгдэх асар том үзүүлэлт юм.
Олимпиадын нээлтийн үйл ажиллагаанд Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев биечлэн оролцож, Казахстан улс 2026 оныг “Хиймэл оюун ухаан ба Дижитал хөгжлийн жил” болгон зарласнаа онцлон тэмдэглэж, тэмцээнд оролцогчдод амжилт хүссэн нь тэмцээний ач холбогдол өндөр байгааг илтгэж байна. Мөн ёслолын ажиллагааны гол зочдоор IOAI-ийн Олон улсын удирдах зөвлөлийн дарга Елена Маринова болон “Казахтелеком” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Мусин тэргүүтэй зочид, төлөөлөгч нар оролцож, тус олимпиад нь зөвхөн академик уралдаан бус, ирээдүйн шилдэг стартап үүсгэн байгуулагчид, технологийн лидерүүд төрөн гарах эхлэл гэдгийг цохон тэмдэглэв.
Тэмцээний даалгавар ба онцлог
Олимпиадын хөтөлбөр нь онол болон практик хосолсон үндсэн хоёр төрлөөр явагдаж байна:
1. Ганцаарчилсан тэмцээн
Тэмцээн 2 үетэй бөгөөд оролцогчид 2 өдрийн турш, өдөрт 6 цагаар хиймэл оюуны цогц 3 бодлогыг бие даан бодно. Даалгаварт хиймэл оюун, машин сургалт, гүн сургалтын төрөл бүрийн нарийн арга техникийг ашиглан гүйцэтгэх бодлогууд багтсан.
2. Багийн тэмцээн
Багийн гишүүд хамтран GALBOT хүн дүрст роботыг программчилж, симуляци болон бодит орчны нарийн сорилтуудыг гүйцэтгэж өрсөлдөнө.
Дэлхийн мэдээллийн технологийн ирээдүйг тодорхойлох шилдэг өрсөлдөгчид цугласан тус тэмцээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөж, хиймэл оюуны хөгжилд ур чадвараа сорьж буй Монгол Улсын багийн 4 сурагч болон дасгалжуулагч багш нартаа сургуулийнхаа нийт эрдэмтэн багш, оюутан, төгсөгчдийн өмнөөс өндөр амжилт хүсье!

