Олон улсын Монголч эрдэмтний их хурлыг 1959 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд өнгөрсөн 66 жилийн хугацаанд дэлхийн монгол судлалын салбарын хамгийн нэр хүндтэй, тогтвортой олон улсын эрдэм шинжилгээний чуулган болж хөгжсөн билээ. Өнгөрсөн 12 удаагийн их хуралд дэлхийн 60 гаруй орны 4000 орчим эрдэмтэн, судлаач оролцож, монгол хэл шинжлэл, түүх, археологи, антропологи, угсаатан судлал, шашин судлал, соёл судлал, олон улсын харилцаа зэрэг 20 гаруй чиглэлээр 3000 гаруй эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлсэн байна.
Олон улсын Монголч эрдэмтний XIII их хурал Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор 2026 оны 8 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Энэ удаагийн хурлыг “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй бөгөөд 30 орны 546 эрдэмтэн оролцох юм.





