Олон улсын Монголч эрдэмтний XIII их хурал өнөөдөр /2026.08.10/ Төрийн ордонд эхэллээ.

Олон улсын Монголч эрдэмтний хурал нь 66 жилийн хугацаанд дэлхийн монгол судлалын салбарын хамгийн нэр хүндтэй, тогтвортой олон улсын эрдэм шинжилгээний чуулган болж хөгжсөн бөгөөд өнгөрсөн 12 удаагийн их хуралд дэлхийн 60 гаруй орны 4000 орчим эрдэмтэн, судлаач оролцож, монгол хэл шинжлэл, түүх, археологи, антропологи, угсаатан судлал, шашин судлал, соёл судлал, олон улсын харилцаа зэрэг 20 гаруй чиглэлээр 3000 гаруй эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын Монголч эрдэмтний XIII их хурлын нээлтэд оролцож, Монгол Улс, монголчуудын угсаа гарал, түүх, хэл, соёл, аж амьдралыг шинжлэх ухааны онол, арга зүйгээр судлан шинжилж, үнэн бодит мэдлэг, мэдээллийг дэлхий дахинд түгээн, Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж, монголчуудыг гадаад ертөнцтэй холбох эрдмийн элч болж байгаа монголч эрдэмтэн, судлаачдад төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Мөн Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхийлөгч, профессор Юки Конагаяа мэндчилгээ дэвшүүлж хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Олон улсын Монголч эрдэмтний XIII их хурлын нэгдсэн хуралдаанд Кэмбрижийн их сургуулийн профессор Дэвид Андрюс Снийт “Синоцентрик парадигмагаас гадна: Монголын түүх судлалын чиг хандлага” сэдвээр үндсэн илтгэл хэлэлцүүлж, Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Заяабаатар тус холбооны бодлого, үйл ажиллагааны талаарх танилцуулга илтгэлийг тавив.


2026 оны 8 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд болох Монголч эрдэмтний XIII их хурлыг Олон улсын монгол судлалын холбоо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Боловсролын яам, Архивын ерөнхий газар, ШУА, “Чингис хаан” үндэсний музей, МУИС, МУБИС, СУИС хамтран зохион байгуулж байна.















