Хайж байна...

Профессор Г.Хүүхэнхүүгийн хувийн номын цуглуулга МУИС-ийн Номын сангаар дамжин оюутан, судлаачдын хүртээл боллоо

Share Button

Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Г.Хүүхэнхүү олон жилийн турш цуглуулж, сургалт, эрдэм шинжилгээний ажилдаа хэрэглэж ирсэн хувийн номын цуглуулгаа МУИС-ийн Номын санд хандивлан, оюутан, багш, судлаачдын хүртээл болголоо.

Цуглуулгад онолын болон туршилтын цөмийн физик, цөмийн урвал, нейтрон-физик, цөмийн эрчим хүч, цөмийн технологи, цацрагийн хэрэглээ, цөмийн анализын арга зүй зэрэг мэргэжлийн бүтээлүүдээс гадна ерөнхий физик, дээд математикийн ховор, нандин номууд багтжээ.

Тухайлбал, Ландаугийн “Онолын физик” 10 боть, тухайн үеийн ЗХУ-ын Төрийн соёрхол хүртсэн Смирновын “Дээд математик” 5 боть, Нобелийн шагналт Ричард Фейнманы физикийн лекцүүд болон бодлогын хураамж бүхий 10 боть, мөн Москвагийн их сургуулийн ерөнхий физикийн иж бүрэн цуврал зэрэг өнөөдөр ч сургалт, судалгааны үнэ цэнээ хадгалсан бүтээлүүд энэ цуглуулгад багтаж байна.

Ном хүлээлгэн өгөх үеэр шавь нар нь багшийгаа хувийн номын сан дахь бүх номнуудаа уншсан байхаар барахгүй ном тус бүрийн гадаад хавтасны дүрслэл хийгээд доторх бичигдсэн агуулгуудыг хуудас дугаартай санаж, судалгааны ажилд нь хэрэгтэй мэдээллүүдийг өгч уншуулах, хэрэгтэй хэсгийг нь хувилан өгдөг байсан нь тэр үедээ тэдэнд энгийн мэт санагддаг байсан энэ дадал нь эргээд бодоход шавь нартаа зөвхөн мэдлэг өгөх бус, ямар номоос, хаанаас, хэрхэн өөрөө хайж сурахыг давхар зааж байсан гэдгийг онцоллоо.

Профессор Г.Хүүхэнхүүгийн эрдмийн өвийн бас нэгэн онцгой хэсэг нь өөрийн гараар хөтөлсөн 200 гаруй дэвтэр юм. Эдгээрт ерөнхий болон цөмийн физикийн бодлогын бодолт, зааж байсан хичээлүүдийн лекцийн тэмдэглэл, судалгааны ажлын тооцоо, томьёоны гаргалгаа, эрдэм шинжилгээний материалын эмхэтгэл, уншсан ном, сурах бичгийн товчлол зэрэг олон арван жилийн хөдөлмөр нь гар бичмэлээрээ хадгалагдан үлджээ. Нэгэн судлаач хэрхэн бодож, асуудлыг хэрхэн задлан шинжилж, уншиж судалснаа хэрхэн тэмдэглэж ирсний бодит мөр болсон эдгээр гар бичмэлийг шавь нар нь өвлөн авч цаашдын сургалт, судалгаандаа ашиглахаар болсон байна.

Ном хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд профессор Г.Хүүхэнхүү, түүний гэр бүл, шавь нар, МУИС-ийн Номын сан, Инженер, технологийн сургууль, Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэнгийн удирдлага, багш, судлаачдын төлөөлөл оролцов. Арга хэмжээний үеэр профессор Г.Хүүхэнхүүгийн МУИС-ийн сургалт, багшлах үйлсэд оруулсан хувь нэмэр, Монголын цөмийн шинжлэх ухааны хөгжил болон хүний нөөц бэлтгэлд гүйцэтгэсэн үүрэг, хандивласан номын цуглуулгын эрдэм шинжилгээний үнэ цэнийн талаар багш, хамтран ажиллагчид нь дурсан, тэмдэглэлээ.

МУИС-ийн Номын сангийн захирал профессор Г.Цэрэн ховор, үнэ цэнтэй энэхүү номын цуглуулгыг их сургуулийн номын санд хандивласанд гэр бүл, үр хүүхэд, шавь нарт нь талархал илэрхийлээд, номуудыг зөвхөн хөмрөгт хадгалаад үлдэх бус оюутан, багш, судлаачдад таниулах, хэрэглээг нь нэмэгдүүлэх зорилгоор Номын сангийн уншлагын танхимд тусгайлан дэлгэн үзэсгэлэн гарган танилцуулах талаар онцолсон юм.

Арга хэмжээний төгсгөлд номын цуглуулгыг албан ёсоор хүлээлгэн өгч, батламжийг профессор Г.Хүүхэнхүүгийн хүү Х.Ширчинбалд гардууллаа.

Ийнхүү профессор Г.Хүүхэнхүүгийн олон жил уншиж, сургалт судалгаандаа ашиглаж, шавь нартай мэдлэг түгээж ирсэн номууд МУИС-ийн Номын сангаар дамжин оюутан, багш, судлаачдын нийтийн хүртээл болж, харин өөрийн гараар бичиж үлдээсэн тэмдэглэл, дэвтрүүд нь шавь нарт нь өвлөгдөн үлдлээ.

Нэгэн багшийн олон жил нандигнан хэрэглэсэн номууд ийнхүү шинэ үеийн оюутан, багш, судлаачдын хүртээл болж, мэдлэг түгээх үйлсээ цааш үргэлжлүүлэх боллоо. Номын цагаан буян дэлгэрч, эрдмийн үр шим нь олон үед түгэх болтугай.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар