Монгол Улсын Их Сургуулийн Судалгааны ажлын ёс зүйн хяналтын хороо-ноос “Ёс зүйн хянан зохицуулах чадавхыг бэхжүүлэх нь: Монгол дахь судалгааны ажлын ёс зүйн хороодод зориулсан олон улсын туршлага ба практик” сэдэвт семинарыг 2026 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр МУИС-ийн Хичээлийн II байрны 110 тоотод зохион байгуулж байна.
Тус семинарт Монгол Улсын их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш, судлаачид оролцож байна, хүнийг оролцуулсан судалгааны ёс зүйн хяналт, судалгааны ажлын ёс зүйн үндсэн зарчим, олон улсын стандарт, хяналтын хороодын үйл ажиллагааны сайн туршлагын талаар мэдээлэл, туршлага солилцох юм.

Олон улсын судалгааны ёс зүйн хөгжлийн туршлагаас
Семинарын үндсэн илтгэлийг Баруун Вашингтоны Их Сургуулийн Хүний судалгааны нийцэл, зохицуулалтын хөтөлбөрийн зохицуулагч, доктор Andrea Rossini MacDowell (PhD) тавьж байна, судалгааны ёс зүйн хяналтын олон улсын хөгжлийн түүх, судалгаанд оролцогчдыг хамгаалах үндсэн зарчим болон их, дээд сургуулийн судалгааны ёс зүйн хяналтын хороодын үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Илтгэлийн хүрээнд хүнийг оролцуулсан судалгаанд гарч байсан түүхэн зөрчил, тэдгээрээс үүдэн бий болсон судалгааны ёс зүйн зохицуулалтын хөгжлийг авч үзэж байна. Тухайлбал, Дэлхийн II дайны үеийн судалгааны зөрчлүүд, Нюрнбергийн код (1947), Таскеги сифилисийн судалгаа, АНУ-ын National Research Act (1974), Belmont Report (1979) зэрэг судалгааны ёс зүйн хяналтын тогтолцоо төлөвшихөд чухал нөлөө үзүүлсэн үйл явдал, баримт бичгүүдийг танилцуулж байна.
Belmont Report-ийн гурван үндсэн зарчим
Семинарын нэг чухал хэсэг нь 1979 оны Belmont Report-д тодорхойлсон хүнийг оролцуулсан судалгааны ёс зүйн гурван үндсэн зарчимд төвлөрөв. Үүнд:
- Хүнийг хүндэтгэх (Respect for persons) – судалгаанд оролцогчийн бие даасан сонголт, эрхийг хүндэтгэх, мэдээлэлд суурилсан зөвшөөрлийг хангах;
- Ашиг тусыг нэмэгдүүлэх, хор нөлөөг бууруулах (Beneficence) – судалгааны боломжит үр өгөөж нь оролцогчид учирч болох эрсдэлээс давсан байх, эрсдэлийг системтэй үнэлж бууруулах;
- Шударга ёс (Justice) – судалгааны үр өгөөж, ачаалал, эрсдэлийг оролцогчдын дунд шударга хуваарилах зэрэг болно.
Эдгээр зарчим нь өнөөгийн судалгааны ёс зүйн хяналтын үндсэн суурь бөгөөд судалгаанд оролцогчийн эрх, аюулгүй байдал, нэр төрийг хамгаалахтай шууд холбоотой юм.
Судалгааны ёс зүйн хяналт нь зөвхөн эмнэлзүйн судалгаагаар хязгаарлагдахгүй
Семинарын үеэр судалгааны ёс зүйн хяналт нь зөвхөн эмнэлзүй, биомедицин судалгаанд хамаарах ойлголт биш болохыг онцоллоо.
Ялангуяа нийгэм, зан үйл, боловсролын судалгаа, асуулга, ярилцлага, хүний талаарх мэдээлэл цуглуулах зэрэг судалгааны үйл ажиллагаанд оролцогчийн эрх, нууцлал, мэдээллийн аюулгүй байдал, эрсдэлийг харгалзан үзэх шаардлагатайг олон улсын туршлагад тулгуурлан тайлбарлаж байна.
Мөн судалгааны төслийн эрсдэлийн түвшнээс хамааран ёс зүйн хяналтын үйл явц ялгаатай байж болох талаар танилцуулж, “Exempt”, “Expedited”, “Full Board”, “Not Human Participant Research” зэрэг хяналтын ангиллын талаарх ойлголтыг оролцогчдод хүргэж байна.
Ёс зүйн хяналтын хорооны чадавхыг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэх гэж байна.
Семинарын хөтөлбөрт АНУ-ын Western Washington University-ийн олон улсын стандарт болон сайн туршлага, хүний судалгааны хамгааллын тогтолцоо, Institutional Review Board (IRB)-ийн бүтэц, үүрэг, гишүүдийн сургалт, судалгааны протоколыг хянах үйл явцын талаар дэлгэрэнгүй авч үзсэн.
Мөн үр дүнтэй IRB-ийн үйл ажиллагаанд:
- судалгааны ёс зүйн шаардлага, журмын талаарх гишүүдийн мэдлэг, сургалт;
- судалгааны эрсдэлийг зөв тодорхойлж, эрсдэл–үр өгөөжийн харьцааг үнэлэх чадвар;
- өөр өөр салбарын төлөөллийг оролцуулсан олон талт, хамтын үнэлгээ;
- судлаачтай харилцахдаа итгэлцэл, хүндэтгэлд суурилсан хамтын ажиллагаа;
- судалгааны чиглэл, эрсдэлийн онцлогт тохирсон зөв бүрэлдэхүүнтэй хорооны гишүүдийг сонгох;
- судалгааны ёс зүйн хяналтын үйл ажиллагаанд шаардлагатай мэргэшсэн хүний нөөц, дэд бүтэц, байгууллагын дэмжлэг чухал болохыг онцолж байна.
Монголын их, дээд сургуулиудын туршлага, практикийг хуваалцлаа.
Семинарын хоёр дахь хэсэгт Монгол Улсын их сургуулийн Судалгааны ажлын ёс зүйн хяналтын хороо судалгааны ёс зүйн хяналтын тогтолцоог бий болгож, хэрэгжүүлж буй туршлагаа танилцуулна.
Түүнчлэн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эрдэм шинжилгээний ёс зүйн хорооны үйл ажиллагаа, Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний ёс зүйн хорооны туршлагыг тус тус танилцуулж, байгууллагуудын хэрэгжүүлж буй арга барил, тулгамдсан асуудал, цаашид сайжруулах боломжийн талаар хэлэлцнэ.
Хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг тодорхойлно.
Семинарын асуулт, хариулт, хэлэлцүүлгийн үеэр Монголын их, дээд сургуулиудын судалгааны ёс зүйн хяналтын хороодын хооронд туршлага солилцох, нийтлэг ойлголт, шалгуур, аргачлалыг хөгжүүлэх, хорооны гишүүдийн чадавхыг нэмэгдүүлэх шаардлагатай асуудлаар санал солилцно.
Мөн олон улсын сайн туршлагыг Монголын судалгааны орчинд шууд хуулбарлах бус, үндэсний эрх зүйн орчин, их сургуулиудын бүтэц, судалгааны салбарын онцлогт нийцүүлэн нутагшуулахын ач холбогдлыг хэлэлцнэ.
Семинарын төгсгөлд оролцогчид судалгааны ёс зүйн хяналтын үндсэн зарчим, цаашдын хэрэгжүүлэх алхам, судалгаанд оролцогчдын эрхийг хамгаалах шаардлага, оролцогчдын үнэлгээ зэрэг асуудлыг нэгтгэн дүгнэж, цаашид хамтын ажиллагаа, мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэрхэн ажиллах талаар санал солилцно.
Зохион байгуулагч:
Монгол Улсын Их Сургуулийн Судалгааны ажлын ёс зүйн хяналтын хороо

