Хайж байна...

Эмгэнэл | Лэгцэгийн Өвгөн /1936-2026 он/

Share Button

ЭМГЭНЭЛ

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ, ДОКТОР, ПРОФЕССОР
ЛЭГЦЭГИЙН ӨВГӨН
(1936–2026)

МУИС-ийн Мэдээллийн технологи, Электроникийн сургуулийн Статистик, Хэрэглээний математикийн тэнхимийн ахмад багш, доктор, профессор Лэгцэгийн Өвгөн ертөнцийн мөнх бусыг үзүүлж, Монголын боловсрол, шинжлэх ухааны салбарт хүнд гарз тохиолоо.

Л.Өвгөн 1936 онд Увс аймгийн Хяргас сумын нутагт малчин ард Лэгцэгийн гэр бүлд мэндэлж, 1949 онд сумынхаа бага сургууль, 1952 онд Туруун сумын 7 жилийн сургууль, 1955 онд Улаангом хотын 10 жилийн сургууль, 1959 онд МУИС-ийн Физик-математикийн салбарыг тус тус төгсөж, математикийн багш мэргэжил эзэмшин төрөлх сургуульдаа багшаар томилогдон 60 гаруй жил энэхүү эрдмийн их өргөөнд тасралтгүй, тогтвор суурьшилтай ажиллаж, эрдэм судлал, сурган хүмүүжүүлэх үйлсэд бүхий л ухамсарт амьдралаа зориулжээ.

Тэрээр 1971-1974 онд Украины Киевийн их сургуулийн аспирантурт суралцаж,  “Хоёр хэмжээст хувийн утгын бодлогыг өндөр нарийвчлалтай ялгаварт схемийн тусламжтайгаар бодох нь” сэдвээр докторын зэрэг хамгаалж, 1989 онд дэд профессор, 2004 онд профессор, 2000 онд МУИС-ийн хүндэт профессор,  1999 онд Монголын математикийн багш нарын Академийн академич цол хүртсэн, тооцон бодох математикийн салбарын Монголын анхны эрдэмтэн юм. МУИС-д түүний санаачлан эхлүүлсэн тооцон бодох математикийн мэргэжлээр 1970 онд анхны төгсөлт хийснээс хойш 550 орчим мэргэжилтэн бэлтгэгдэж  хэдэн арван эрдэмтэд төрөн гарсан тул түүнийг МУИС-д тооцон бодох математикийн шавь сургуулийг үндэслэгч хэмээн зүй ёсоор үнэлдэг.

Багшлах хугацаандаа 6000 гаруй оюутанд хичээл зааж, 250 оюутны ангийн ажил, 20 гаруй оюутны дипломын ажил, 5 магистрын ажил удирдан, 30 гаруй оюутан, 10 гаруй залуу багш нарыг дагуулан сургасан байна. Түүнчлэн сурах бичиг, гарын авлага, бодлогын хураамж зэрэг 40 гаруй ном, эрдэм шинжилгээ, сурталчилгааны 60 гаруй өгүүлэл хэвлүүлснээс элсэгчдэд зориулсан “Математик”, “Математикийн тест”, “Математикийн сорилго” зэрэг цуврал ном нь үе, үеийн багш, сурагчдын ширээний ном байж, математикийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх үйлст жинтэй хувь нэмэр оруулсны сацуу 1962 оноос Улсын математикийн олимпиадыг зохион байгуулах хорооны гишүүнээр олон жил идэвхтэй ажиллаж ирсэн. Мөн тэрбээр Монгол Улсад 100 буудалт даамны спортыг анхлан дэлгэрүүлсэн ахмад даамчдын нэг бөгөөд спортын дэд мастерийн зэрэгтэй тамирчин байв.

Л.Өвгөн багшийн шавь нараас МУИС-д 45, ШУТИС-д 23, УБИС-д 16, бусад дээд сургуульд 20 гаруй, ерөнхий боловсролын сургуульд 2000 орчим багш, түүнчлэн программ хангамж, компьютерын инженерчлэлийн чиглэлээр 100 гаруй мэргэжилтэн ажиллаж байна. Түүнчлэн шавь нараас Ардын багш 2, ШУА-ийн гишүүн 4, Төрийн шагналт 2, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн 3, Гавьяат багш 10 гаруй, профессор 12, шинжлэх ухааны доктор 13, доктор 70 гаруй төрөн гарсан байна.

Түүний олон жилийн хөдөлмөр, зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлэн Монгол Улсын Гавьяат багш цол, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 40, 60, 80, 90 жилийн ойн медаль, Ардын боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнажээ.

МУИС-ийн ахмад багш, профессор Лэгцэгийн Өвгөн таны Монгол Улсын дээд боловсролын салбарт оруулсан гавьяа, зүтгэл, шударга зарчимч, хөдөлмөрч зан чанар, эгэл даруу гэгээн дүр бид бүхний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье!

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ЭЛЕКТРОНИКИЙН СУРГУУЛЬ
СТАТИСТИК, ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИКИЙН ТЭНХИМ

2026 оны 8 дугаар сарын 18-ны өдөр

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар