Монгол Улсын Их Сургууль АНУ-ын Рено дахь Невадагийн Их Сургууль (University of Nevada, Reno)-тай хамтын ажиллагааны санамж бичиг болон оюутан, судлаач солилцооны гэрээ байгуулж, албан ёсны гарын үсэг зурах ёслолыг зохион байгууллаа.

Арга хэмжээнд МУИС-ийн Ректор, профессор Б.Очирхуяг болон Рено дахь Невадагийн Их Сургуулийн захирал Брайан Сандовал нар тэргүүтэй хоёр их сургуулийн төлөөлөгчид оролцож, их сургуулиудын хөгжлийн бодлого, судалгаа, боловсролын хамтын ажиллагааны боломж, цаашдын хамтарсан үйл ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын үеэр хоёр их сургуулийн үйл ажиллагаа, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр танилцуулга хийж, судалгаа, тогтвортой хөгжил, оюутны солилцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.


Гарын үсэг зурсан санамж бичиг нь хоёр их сургуулийн хамтын ажиллагааны ерөнхий хүрээг тодорхойлж, дараах чиглэлүүдэд хамтран ажиллах үндэс суурийг бүрдүүлж байна. Үүнд:
- хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжүүлэх;
- багш, судлаач, захиргааны ажилтан, оюутны солилцоог хөгжүүлэх;
- олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинар, сургалт, симпозиум хамтран зохион байгуулах;
- зуны болон өвлийн сургууль, богино хугацааны академик хөтөлбөр хэрэгжүүлэх;
- бүрэлдэхүүн сургууль, тэнхим, хүрээлэн, төвүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх;
- эрдэм шинжилгээний мэдээлэл, сургалтын материал, хэвлэл нийтлэл солилцох зэрэг болно.
Мөн талууд оюутан, судлаач солилцооны гэрээ байгуулснаар бакалавр, магистр, докторын түвшний оюутнууд болон судлаачид харилцан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэж, сургалт, судалгааны хамтын ажиллагааг бодитоор хэрэгжүүлэх боломж нээгдлээ.
Энэхүү хамтын ажиллагаа нь МУИС-ийн олон улсын түншлэлийг өргөжүүлэх, эрдэм шинжилгээ, инновац, тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтарсан судалгааг дэмжих, оюутан, багш, судлаачдын олон улсын хөдөлгөөнийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Ёслолын ажиллагаанд хоёр сургуулийн дараах төлөөлөгчид оролцов.
Монгол Улсын Их Сургууль
- Профессор Б.Очирхуяг — Ректор
- Дэд профессор Д.Нарангарвуу — Биологийн тэнхимийн эрхлэгч
- Профессор Б.Болдгив — Биологийн тэнхимийн профессор
- Дэд профессор Б.Жаргалан — Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн багш
- Профессор О.Алтансүх — Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн профессор
- Ш.Мэндбаяр — Хамтын ажиллагааны газрын дарга
Рено дахь Невадагийн Их Сургуулийн төлөөлөл
- Брайан Сандовал — Невадагийн Их Сургуулийн 17 дахь захирал , Невада мужийн өмнөх Амбан захирагч асан
- Майкл Флорес — Засаглалын харилцаа, олон нийтийн оролцоо хариуцсан дэд захирал
- Доктор Судип Чандра —Tahoe дэлхийн тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал
- Доктор Мехмет Тосун — Олон улсын үйл ажиллагаа хариуцсан захирал
- Доктор Скотт Бассетт — Mackay дэлхий судлал, шинжлэх ухаан, инженечрлэлийн сургуулийн деканы орлогч
- Крис Крукшанкс — UNR nх сургуулийн элч, Зэрлэг амьтан, загас агнуур судлалын хөтөлбөр хариуцсан захирал

Рено дахь Невадагийн Их Сургууль (University of Nevada, Reno)-ийн тухай
АНУ-ын Невада мужийн тэргүүлэх улсын судалгааны их сургууль бөгөөд тус мужийн анхны дээд боловсролын байгууллага юм. Тус их сургууль нь 1874 онд байгуулагдсан бөгөөд Невада мужийн land-grant university буюу боловсрол, судалгаа, олон нийтэд үйлчлэх чиг үүрэг бүхий улсын их сургуулийн статустай үйл ажиллагаагаа явуулж байна. Анх 1874 онд Элько хотод долоон оюутантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 1885 онд Рено хот руу шилжин суурьшжээ. Өнөөдөр UNR нь 150 гаруй жилийн түүхтэй, 21 мянга гаруй оюутантай томоохон судалгааны их сургууль болон өргөжжээ.

UNR-ийн үндсэн кампус нь Рено хотын төвийн ойролцоох 290 акр талбайд байрладаг бөгөөд Сьерра-Невадагийн уулс, Их сав газрын байгалийн бүстэй ойр оршдог нь байгаль орчин, усны нөөц, уур амьсгал, экологийн судалгаа хийхэд онцгой давуу тал болдог. Түүнчлэн их сургууль нь Тахо нуурын ойролцоо Wayne L. Prim Campus at Lake Tahoe–г ажиллуулдаг бөгөөд тус кампуст судлаач, багш, оюутнууд байгаль орчин, уур амьсгал болон салбар дундын судалгааны чиглэлээр хамтран ажилладаг.
Сургалт, судалгааны хувьд Рено дахь Невадагийн Их Сургууль нь өргөн хүрээтэй бөгөөд 13 коллеж, сургууль, 560 гаруй академик хөтөлбөр, 60 гаруй судалгааны төв, лабораторитой. Инженерчлэл, байгалийн шинжлэх ухаан, бизнес, анагаах ухаан, хөдөө аж ахуй, биотехнологи, байгалийн нөөц, нийгэм-хүмүүнлэгийн ухаан зэрэг олон чиглэлээр бакалавр, магистр, докторын түвшний сургалт явуулдаг.
Тус их сургуулийн хамгийн чухал онцлогийн нэг нь судалгааны өндөр чадавх юм. UNR нь Carnegie Classification-ийн R1 буюу “Very High Research Activity” ангилалд багтдаг бөгөөд энэхүү статусаа 2019 онд анх авч, 2021 болон 2025 оны ангиллаар дахин хадгалсан байна. 2025 онд R1 ангиллаа хадгалсан нь их сургуулийн докторын сургалт болон өндөр түвшний судалгааны үйл ажиллагааны тогтвортой байдлыг харуулж байна.
UNR-ийн судалгааны тэргүүлэх чиглэлүүдэд усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, хуурай бүсийн хөдөө аж ахуй, роботик, инженерчлэл, уул уурхай, геологи, эрүүл мэнд, биотехнологи, мэдээллийн технологи зэрэг салбар багтдаг. Их сургууль нь Невада мужийн газарзүйн болон эдийн засгийн онцлогтой уялдуулан судалгаагаа хөгжүүлж ирсэн бөгөөд судалгааны үр дүнгээ үйлдвэрлэл, төрийн байгууллага, орон нутаг болон олон нийтэд хүргэхийг чухалчилдаг ажээ.
Хөдөө аж ахуй, байгалийн нөөц, экологи, зэрлэг амьтан болон усны экосистемийн судалгаа нь UNR-ийн уламжлалт хүчтэй чиглэлүүдийн нэг юм.
Тус сургуулийн land-grant уламжлал нь анхнаасаа хөдөө аж ахуй, уул уурхай, инженерчлэл зэрэг практик хэрэглээ бүхий салбаруудыг хөгжүүлэхэд чиглэж ирсэн бөгөөд өнөөдөр энэ уламжлал нь орчин үеийн байгаль орчин, тогтвортой хөгжил, инновацын талбаруудад улам бүр өргөжин хөгжиж байна.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР




