Компьютер хараа (computer vision) болон дүрс танилт (pattern recognition)-ын салбарт дэлхийд тэргүүлэх зэргийн нэр хүндтэй эрдэмтэн, Японы Кюшү Их Сургуулийн (Kyushu University) гүйцэтгэх дэд ерөнхийлөгч, профессор, доктор Сэйичи Үчида урилгаар зочлон Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургуулийн Мэдээлэл, Компьютерийн Ухааны Тэнхимийн оюутнуудад зориулан сонирхолтой лекц уншлаа.

Профессор Сэйичи Үчида нь тэмдэгт, бичвэр таних технологи (OCR), гар бичмэлийг уян хатан тохируулах (Elastic Matching) техник болон бодит орчин дахь бичвэр танилт (Scene Text Detection)-ын чиглэлээр олон арван жил үр бүтээлтэй судалгаа хийж буй дэлхийн хэмжээний эрдэмтэн юм. Тэрээр лекцийнхээ үеэр хиймэл оюун ухаан (Deep Learning), Transformer болон CNN загвар ашиглан үсэг, фонтын хэв маягийг задлан шинжлэх, үсгийг салгахгүйгээр шууд үг, өгүүлбэрийн хэмжээнд унших дэвшилтэт технологийн талаарх өөрийн судалгааны шинэ үр дүнгүүдээсээ хуваалцсан байна.

Лекцэнд МТЭС-ийн багш, профессорууд болон оюутнууд идэвхтэй оролцсон бөгөөд МТЭС-ийн профессор Н.Оюун-Эрдэнэ лекцийг өндрөөр үнэлж: “Сэдвийн агуулгыг маш сонирхолтой, амьд байдлаар хүргэсэн, өндөр түвшний бэлтгэлтэй, оюутан залууст гүн сэтгэгдэл үлдээсэн, урам зориг өгсөн гайхалтай лекц боллоо” хэмээн онцлон талархал илэрхийлжээ.
Энэхүү лекц нь МУИС-ийн оюутнуудад компьютер хараа болон хиймэл оюуны салбарын дэлхийн өнөөгийн чиг хандлагыг нэрт эрдэмтний өөрийнх нь туршлагаас шууд суралцах, мэдлэгээ тэлэх чухал боломжийг олгосон үйл явдал боллоо.

