2026 оны 9 дүгээр сарын 7–10-ны өдрүүдэд Монгол Улсын Их Сургуульд “Цацрагийн боловсруулалт ба полимерийн өөрчлөлт” (JFY2026 on Radiation Processing and Polymer Modification) бүсийн хурал амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд Бангладеш, БНХАУ, Индонез, Казахстан, Малайз, Монгол, Филиппин, Тайланд, Вьетнам, Япон зэрэг 10 улсын судлаач, мэргэжилтнүүд биечлэн болон цахимаар оролцож, цацрагийн боловсруулалт, полимер материалын өөрчлөлт, тэдгээрийн хөдөө аж ахуй, хүнс, байгаль орчин, эрүүл мэндийн салбар дахь хэрэглээний талаар судалгааны үр дүн, туршлагаа солилцов.



Хурлын хүрээнд оролцогч орнууд төслийн ажлын явц, судалгааны үр дүнгээ танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг хэлэлцсэн. Мөн 9 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэнд техникийн айлчлал хийж, лаборатори, үрийн генийн сан, туршилтын талбайн үйл ажиллагаатай танилцсан.


Тус хурлыг Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Цөмийн энергийн комисс, Ургамал, газар тариалангийн хүрээлэн хамтран зохион байгуулж, Азийн цөмийн хамтын ажиллагааны форум (FNCA), Япон Улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яам (MEXT) болон Цөмийн аюулгүй байдлын судалгааны нийгэмлэг (NSRA) байгууллагууд хамтран ажиллав.
Энэхүү хурал нь Монголын судлаачдын бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, цацрагийн технологийн энхийн хэрэглээний судалгаа, практик хэрэглээг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.


