Хайж байна...

“Хэл шинжлэл (хятад)”, “Олон улсын хятад хэлний боловсрол” 2+2 хөтөлбөрийн албан ёсны нээлт боллоо

Share Button

МУИС-ийн Ази судлалын тэнхим, БНХАУ-ын Шаньдуны их сургуулийн Олон улсын хятад хэлний боловсролын сургуультай хамтарсан “Хэл шинжлэл (хятад)” хөтөлбөр, “Олон улсын хятад хэлний боловсрол” 2+2 хөтөлбөрийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтэд Монголын талаас Боловсролын яамны Дээд боловсролын бодлогын газрын дарга Н.Пүрэвцогт, МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг, МУИС-ийн ШУС-ийн захирал Б.Болд-Эрдэнэ, МУИС-ийн СХЧБГ-ын дарга С.Булгантамир, МУИС-ийн ХАГ-ын дарга Ш.Мэндбаяр, МУИС-ийн Хөрөнгө оруулалтын газрын дарга, Күнзийн институтын удирдах зөвлөлийн дарга Д.Бадмаанямбуу, МУИС-ийн ШУТУБП-ийн захирал, Күнзийн институтын монгол талын захирал О.Мөнхбат, МУИС-ийн ШУС-ийн ХУС хариуцсан дэд захирал Г.Элдэв-Очир, Ази судлалын тэнхимийн эрхлэгч Д.Ундрах, Ази судлалын тэнхимийн дэд профессор, тус хөтөлбөрийн зохицуулагч Л.Соёл, Ази судлалын тэнхимийн дэд профессор В.Батмаа, П.Уянга, Б.Гэрэлт-Ирээдүй, Б.Нэргүйжаргал нар, БНХАУ-ын талаас БНХАУ-ын Боловсролын яамны Хятад хэлний боловсрол, харилцаа, хамтын ажиллагааны төвийн дэд дарга Ян Жөү, тус төвийн Ази-Африк хариуцсан газрын дарга Ван Хуйчан, Эрдэм шинжилгээ хариуцсан газрын дарга Инь Дунминь, БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны Соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Жы, Шаньдуны их сургуулийн Олон улсын газрын дарга, Гадаад хэлний сургуулийн захирал Ма Вэнь, Шаньдуны их сургуулийн Олон улсын боловсролын сургуулийн захирал Ма Шяолө, Шаньдуны их сургуулийн Хүний нөөцийн газрын дэд дарга Ван Шаша, Шаньдуны их сургуулийн Бакалаврын сургалтын албаны дэд дарга Хуан Бөшы, Шаньдуны их сургуулийн Олон улсын боловсролын сургуулийн дэд захирал Жөү Вэньфэй, Шаньдуны их сургуулийн Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Чю Жинь-еэ, МУИС-ийн Күнзийн Институтын захирал Чөн Шөнли болон тус хөтөлбөрийн анхны элсэгчид оролцов.

МУИС нь БНХАУ-ын Боловсролын яамны Хятад хэлний боловсрол, харилцаа, хамтын ажиллагааны төв болон Шаньдуны их сургуультай хамтын ажиллагааны гурвалсан гэрээг 2025 оны 11 дүгээр сард Дэлхийн хятад хэлний их хурлын үеэр үзэглэсэн билээ. Түүнээс хойш хоёр сургууль хөтөлбөр боловсруулах ажилд шамдан орж, идэвхийлэн ажилласаар 2026 оны 5 дугаар сард хөтөлбөрөө батлуулжээ. Ингэснээр уг хөтөлбөрийн анхны элсэгчдийг элсүүлэх боломжтой болж, 2026-2027 оны хичээлийн жилд нийт 800 орчим сурагч бүртгүүлснээс 20 оюутан элсүүлж авсан байна.

Хөтөлбөрийн гол онцлог нь суралцагчид эхний 2 жил МУИС-д “Хэл шинжлэл (хятад)” хөтөлбөрөөр суралцаж, тодорхой шаардлагыг биелүүлсний үндсэн дээр дараагийн 2 жил БНХАУ-ын Шаньдуны их сургуульд “Олон улсын хятад хэлний боловсрол” хөтөлбөрт орж суралцах бөгөөд Шаньдуны их сургуульд сурах хугацаандаа БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах юм. Энэ нь тус хамтарсан хөтөлбөрийн гол давуу тал бөгөөд оюутан залууст маш том боломж олгож буй юм. Иймд хамтарсан хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хоёр тал цаашид бүх талаар идэвхийлэн ажиллахаа илэрхийллээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар