Хайж байна...

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлээр хамтран ажиллана

Share Button

МУИС болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шинжлэх ухаан, технологи, инновацын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, мэргэжлийн хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт МУИС-ийн Ректор Б.Очирхуяг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон нар гарын үсэг зурж, талууд судалгаа, инновац, сургалт, үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа–2050”-д тусгагдсан шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжлийг дэмжих зорилттой уялдаж, их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны чадавхыг үйлдвэрлэлийн салбарын бодит хэрэгцээ, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлж байгаагаараа онцлогтой.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд үйлдвэрлэл, технологийн салбарт тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэхэд чиглэсэн хамтарсан болон гэрээт судалгааны төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, судалгааны үр дүнг туршин баталгаажуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, дэвшилтэт технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах ба “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд хамтарсан судалгааны лаборатори байгуулах, МУИС-ийн сургалт, судалгааны лабораториудыг хамтран ашиглах, багш, судлаач, оюутнуудын оролцоотой судалгааны ажил хэрэгжүүлнэ. Түүнчлэн үндэсний болон олон улсын судалгааны төсөл, гэрээт ажилд хамтран оролцож, судалгааны үр дүнгээр олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд хамтарсан бүтээл хэвлүүлэх боломжийг өргөжүүлэх юм.

Хамтын ажиллагааны нэг чухал чиглэл нь үндэсний мэргэжлийн хүний нөөцийг хөгжүүлэх, оюутнуудын практик мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэж байгаа ба энэ хүрээнд МУИС-ийн оюутнуудыг судалгаа, үйлдвэрлэлийн дадлагад хамруулах, харилцан туршлага солилцох, үйлдвэрийн хүний нөөцийн хэрэгцээ, бодлоготой уялдуулан төгсөгчдийг бэлтгэх, ажлын байраар хангах чиглэлээр хамтран ажиллана.

Энэхүү хамтын ажиллагаа нь их сургуулийн сургалт, судалгааны чадавхыг үйлдвэрлэлийн салбарын бодит хэрэгцээтэй уялдуулж, боловсрол-үйлдвэрлэлийн байгууллагын түншлэлийг шинэ шатанд хөгжүүлэх, шинжлэх ухаан, инновацад суурилсан үйлдвэрлэлийг  дэмжихэд чиглүүлэхэд өргөн боломжийг нээж байна.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар