Хайж байна...

Эмгэнэл | Даваагийн Намжил /1955-2026 он/

Share Button

ЭМГЭНЭЛ

Даваагийн Намжил

(1955-2026)

Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн ахмад багш, нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, доктор (PhD), профессор Даваагийн Намжил таалал төгсөж, Монголын дээд боловсрол, санхүү, эдийн засгийн шинжлэх ухааны салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Даваагийн Намжил нь 1955 онд Улаанбаатар хотод мэндэлж, 1963-1973 онд Нийслэлийн 10 жилийн 20 дугаар дунд сургуулийг дүүргэн, улмаар 1973-1977 онд МУИС-ийн Эдийн засгийн факультетийн Санхүүгийн ангид амжилттай суралцан онц дүнтэй төгсөн, 1977 оноос хойш төрөлх сургууль, Санхүүгийн тэнхимдээ багш, дэд профессор, профессороор 40 гаруй жил ажиллаж, улс орондоо дээд боловсролтой иргэнийг сурган хүмүүжүүлэхэд ухамсарт амьдралаа зориулсан билээ. Ажиллах хугацаандаа 1993-1995 онд Санхүүгийн тэнхимийн эрхлэгч, 2008-2017 онд МУИС-ийн Эрдэнэт сургуулийн захирлын хариуцлагатай бөгөөд хүндтэй албыг нэр төртэй хашиж, төрөлх сургуулийнхаа хөгжил дэвшил, орон нутаг дахь дээд боловсролын тогтолцоог бэхжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулжээ.

Даваагийн Намжил нь өөрийн бүхий л ухамсарт амьдрал, оюун ухаан, сэтгэл зүрхээ Монгол Улсын төсөв, санхүү, эдийн засгийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, оюунлаг хойч үеийг бэлтгэх ариун үйлсэд харамгүй зориулсан эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч байв. 1990 онд “Улсын төсвийн бүрдүүлэлт, хуваарилалт” сэдвээр докторын зэрэг амжилттай хамгаалснаас хойш санхүүгийн шинжлэх ухааны суурь сурах бичиг, гарын авлага 30 гаруйг хэвлүүлэн оюутан, судлаачдын гарт хүргэж, 150 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл туурвин, олон улсын эрдэм шинжилгээний 20 гаруй хуралд илтгэл хэлэлцүүлэн шинжлэх ухааны эргэлтэд оруулсан манай шилдэг эрдэмтдийн нэг билээ. Тэрээр 4000 гаруй оюутанд хичээл заасны зэрэгцээ 100 гаруй магистрант, 2 докторын эрдмийн ажлыг удирдан хамгаалуулж, өөрийн эрдмийн залгамж халааг бэлтгэсэн билээ.

Эрхэм багшийн минь эх орныхоо боловсрол, шинжлэх ухаан, санхүүгийн салбарт оруулсан нөр их хөдөлмөр, бүтээл туурвилыг төр, засгаас өндрөөр үнэлж Санхүү, банкны тэргүүний ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан, Эдийн засаг, шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдэг болон Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнажээ.

Эрдэм номын гэгээн оргил өөд шавь нараа хөтөлсөн эрхэм багшийн минь хөдөлмөрч хичээнгүй, эгэл даруу, уужуу тайван, хүн бүрд тусархаг, нөмөр нөөлөгтэй сайхан дүр төрх, гэгээн үйлс бидний зүрх сэтгэлд үүрд гэрэлтэн, хоногшин үлдэх болно.

МУИС-ийн Бизнесийн сургууль

Санхүүгийн тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар