Библийн монгол орчуулгын 720 жил, бүрэн орчуулга хэвлэгдсэний 180 жилийн түүхэн замнал, монголчуудын хэл, бичиг, оюуны амьдралд оруулсан хувь нэмэр, нийгэм, соёлын нөлөө ба орчин үеийн судалгаа, орчуулгын чиг хандлага, хамтын ажиллагааны боломжийг тодорхойлох зорилгоор “Библийн монгол орчуулга: шашин, түүх, хэл, соёлын судалгаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
Ариун Бичээс Нийгэмлэг, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, ШУА-ийн Философийн хүрээлэн, Монголын Үндэсний номын сангаас хамтран зохион байгуулсан Олон улсын Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улс, Гэгээн Ширээт улс, Канад, Нэгдсэн Хаант улс, Филиппин, Япон улсын эрдэмтэн судлаачид оролцсон юм.

Хуралд Ариун Бичээс Нийгэмлэгийн “Стандарт монгол орчуулга судлал Библи” төслийн удирдагч, орчуулгын зөвлөх, Кэмбриджийн их сургуулийн Теологийн доктор Гарамцэрэнгийн Баяржаргал “СИРИ ХЭЛ ҮСГЭЭС КИРИЛЛ ХҮРТЭЛ: БИБЛИЙН МОНГОЛ ОРЧУУЛГЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ”, Канадын Алберта их сургуулийн Түүх, эртний грек, ром, шашны тэнхимийн профессор, доктор Марк Дикенс “ТӨВ ЕВРОАЗИ ДАХЬ ЭХЭН ҮЕИЙН ХРИСТИТГЭЛ БА БИБЛИЙН ОРЧУУЛГУУД” сэдэвт ҮНДСЭН ИЛТГЭЛ тавьж хэлэлцүүллээ. ШАШИН, СОЁЛ, НИЙГЭМ СУДЛАЛ; ТҮҮХ, СУРВАЛЖИЙН СУДАЛГАА; ХЭЛ ШИНЖЛЭЛ, УТГА ЗОХИОЛ, ОРЧУУЛГА ЗҮЙ гэсэн гурван салбар хуралдаанд Ромын Католик Сүмийн төв захиргааны Христийн шашны эв нэгдлийг дэмжих дикастеригийн нарийн бичгийн дарга, арчбишоп Флавио Пачэ, Япон улсын Оберлин их сургуулийн профессор доктор Төвчүүд Байгал, Их Британийн Илгээлт судалгааны Оксфорд төвийн судлаач, профессор Доктор Паул Вүүдс, Олон Улсын Библийн Нийгэмлэгийн Ази Номхон далайн бүсийн Орчуулгын зохицуулагч доктор Эдгар Баттад Эбохо болон МУИС, ШУТИС, МУБИС, АШУҮИС-ийн профессор багш нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Библийн монгол орчуулга монголчуудын христитгэлийн түүх, монгол хэл, бичиг, утга зохиол, соёл, нийгэмд үзүүлсэн үр нөлөөг судлах, судалгааны үр дүнг нийтийн хүртээл болгох, судлаачдыг дэмжих зорилгоор зарласан шилдэг илтгэлийн уралдаанд шалгарсан илтгэгч нар илтгэл тавьж, шагнал гардуулах ёслол болов.
Ариун Бичээс Нийгэмлэгийн Библийн монгол орчуулгын түүхийн үзэсгэлэн болон Монгол Улсын үндэсний номын сангийн зарим үнэт үзмэрүүдийг Bluemon төвийн нэгдүгээр давхарын Норпей Арт галерейд 2026 оны 11 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд олны хүртээл болголоо.

Энэ хурал бол Христийн шашны талаар үндэсний бөгөөд олон улсын түвшинд анх удаа зохион байгуулагдсан Эрдэм шинжилгээний хурал гэдгээрээ онцлог байсан юм.

