Хайж байна...

ХБНГУ-ын Бундестагийн Олон улсын парламентын тэтгэлэгт хөтөлбөрийг танилцууллаа

Share Button

МУИС-ийн Эрдмийн танхимд ХБНГУ-ын Бундестагийн Олон улсын парламентын тэтгэлэгт хөтөлбөр (International Parliamentary Scholarship, IPS)-ийг танилцуулах мэдээллийн арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд оюутан, магистрант, докторант, судлаачид болон Герман Улсад суралцах, олон улсын харилцаа, парламентын засаглалын чиглэлээр сонирхолтой залуус идэвхтэй оролцов.

Арга хэмжээг ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, хатагтай Мэнди Айсинг (Mandy Eißing) тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн айлчлалын хүрээнд зохион байгуулсан бөгөөд IPS хөтөлбөрийн зорилго, ач холбогдол, сонгон шалгаруулалтын нөхцөл, Германы парламентын үйл ажиллагаатай танилцах болон дадлага хийх боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Төлөөлөгчдийг МУИС-ийн Ректор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Ц.Баатарчулуун нар хүлээн авч уулзан хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын боломжийн талаар санал солилцов. Уулзалтад ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Томас Граф, Элчин сайдын яамны дэд тэргүүн Хана Бэкер, Бундестагийн гишүүн Мэнди Айсинг, Хумбольдтын их сургуулийн Захиргааны газрын дарга Кристин Тийл, Бундестагийн Захиргааны дэд газрын дарга Карстен Витт нар оролцов.

Уулзалтын үеэр Монголын дээд боловсролын салбарт тулгамдаж буй асуудлууд, тэр дундаа жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад үзүүлж буй дэмжлэгийн талаар МУИС-ийн зүгээс дэлгэрэнгүй танилцуулсан юм. Харин Бундестагийн Боловсрол, гэр бүл, ахмад настан, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал хариуцсан байнгын хорооны гишүүн хатагтай Мэнди Айсинг өөрийн парламент дахь үйл ажиллагаа, боловсрол болон нийгмийн хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцууллаа.

Ректор Б.Очирхуяг уулзалтын үеэр МУИС болон ХБНГУ-ын их, дээд сургуулиудын хамтын ажиллагаа нь 1967 онд Халле-Виттенбергийн Мартин Лютерийн их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээнээс эхлэлтэй бөгөөд Герман Улс нь МУИС-ийн Европ дахь стратегийн чухал түншүүдийн нэг болсоор ирснийг онцлон тэмдэглэв.

IPS хөтөлбөр нь Германы Бундестаг, Берлиний Чөлөөт их сургууль, Хумбольдтын их сургууль болон Берлиний Техникийн их сургуультай хамтран хэрэгжүүлдэг нэр хүндтэй хөтөлбөр бөгөөд жил бүр дэлхийн 50 орны 120 хүртэлх залууг хамруулдаг. Хөтөлбөрт шалгарсан оролцогчид Германы парламентын үйл ажиллагаатай танилцаж, Бундестагийн гишүүний ажлын албанд дадлага хийхийн зэрэгцээ улс төр, төрийн удирдлага, олон улсын харилцааны чиглэлээр үнэтэй туршлага хуримтлуулах боломжтой байдаг.

Талууд IPS хөтөлбөрийн талаархи мэдээллийг Монгол Улсад илүү өргөн хүрээнд түгээх, МУИС-ийн оюутан, төгсөгчдийг тус хөтөлбөрт идэвхтэй хамруулах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв. Энэхүү уулзалт нь Монгол, Германы боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ монгол залуусын олон улсын түвшинд суралцах, мэргэших боломжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар