Орос- Монголын найрамдлын сарын хүрээнд ГХСС-ийн Слав судлалын тэнхим Улаанбаатар дахь Оросын соёл шинжлэх ухааны төвтэй хамтран “День России” баяр зохион явууллаа. Слав судлалын тэнхимийн орос хэлний салбарын оюутнууд нэг өдрийг орос дуу дуулж, шүлэг уншиж орос орны түүх, хэл, соёл, зан заншилтай холбоотой уралдаанд авхаалж самбаагаа сорьж, судалж буй хэл, соёлоо хэрхэн сурснаа харуулж, сурталчиллаа.
Бидний баярт МУИС-ийн ГХСС-ийн захирал д-р, проф. Д.Бадмаанямбуу, Слав судлалын тэнхимийн эрхлэгч д-р, проф. Н.Нансалмаа, Улаанбаатар дахь Оросын соёл шинжлэх ухааны төвийн дэргэдэх Орос хэлний төвийн захирал Бронская Тамара Вильгельмовна, Монголын орос хэлний багш нарын холбооны тэргүүн профессор С.Галсан нар оролцлоо. Улаанбаатар дахь Оросын соёл шинжлэх ухааны төвийн дэргэдэх Орос хэлний төвийн захирал Бронская Тамара Вильгельмовна баярын үйл ажиллагааг хөтөлж явуулсан 3-р түвшний оюутан Д.Төгсөө, А.Сувдмаа, агуу Пушкины “Евгений Онегин” романы Татьянагийн захиаг гайхалтай уран уяруу уншсан 1-р түвшний оюутан А.Дана нарт болон баярт оролцсон бүх оюутнуудад талархал илэрхийлж баярын бичиг гардуулсан юм. Мөн түүнчлэн Монголын орос хэлний багш нарын холбооны тэргүүн профессор С.Галсан оюутнууд орос хэлийг маш сайн сурч байгааг сайшаан, цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүслээ.
Орос-Монголын найрамдлын сарын хүрээнд Улаанбаатар дахь Оросын соёл шинжлэх ухааны төвөөс зохион байгуулсан “Оросын гайхамшигт шүлэг, яруу найраг” уран уншлагын тэмцээнд амжилттай оролцож 3-р байр эзэлсэн орос хэлний 1- түвшний оюутан А.Дана, “Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хаалтын концертыг Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн урилгаар хөтөлсөн орос хэлний 3-р түвшний оюутан Д. Төгсөө, А.Сувдмаа нартаа болон ГХСС-ийн Слав судлалын тэнхимээс зохион байгуулсан “День России” баярт идэвхитэй оролцсон 1, 2, 3-р түвшний бүх оюутнууддаа талархал илэрхийлж, цаашид сургууль, тэнхим, анги хамт олныхоо нэрийг өндөрт өргөж явахыг хүсье!
СЛАВ СУДЛАЛЫН ТЭНХИМ