Монгол Улсын Гавьяат багш, МУИС-ийн Хүндэт профессор, философийн ухааны доктор, манай нэрт сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн Дашийн Содномгомбо 2013 оны 11 сарын 05-ны өдөр таалал төгсч, бидэнд нөхөж баршгүй гарз учирлаа. Д.Содномгомбо нь монголын философи, нийгмийн ухааны нэрт эрдэмтэн төдийгүй мянга мянган шавь төрүүлсэн эрхэм хүндтэй багш, сурган хүмүүжүүлэгч байсан юм.
Дашийн Содномгомбо
/ 1926 – 2013/
Д.Содномгомбо 1926 онд Ховд аймгийн Дарви сумын нутагт төржээ. Тэрбээр эцэг эхийн асрамжинд өсч торнин 1942-1946 онд сумын захиргаа, аймгийн ХЗЭ-ийн хороонд зарлага, бичээч, зааварлагчаар ажиллаж байгаад цэргийн албанд татагджээ. Д.Содномгомбо 1946-1950 онд Хязгаарын цэргийн төв сургуульд суралцагч, бичээч, эх зохиогч, Хязгаарын цэргийг удирдах төв газарт эх зохиогч, байцаагчаар ажиллан 1950-1955 онд Намын дээд сургуульд суралцаж төгссөн. 1964 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийг философич, нийгэм судлаач мэргэжлээр төгсч, 1969 онд философийн ухааны дэд докторын зэрэг хамгаалж, 1978 онд дэд профессор, 1989 онд профессор цол хүртсэн.
1965 оноос Эдийн засгийн дээд сургууль, МУИС-д тэнхмийн эрхлэгчээр тасралтгүй 26 жил ажилласан юм. Тэрбээр МУИС-ийн философийн салбарт 30 жил ажиллаж, 1967 онд МУИС-д Шинжлэх Ухааны Коммунизмын Онолын тэнхимийг үндэслэн байгуулж, 1978 онд Сэтгүүл зүйн ангийг, 1992 оноос Улс төр судлалын салбарыг шинээр нээж тэнхимийн эрхлэгч, багш, зөвлөх профессороор олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн юм. Проф. Д.Содномгомбо Монгол улсад нийгмийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд өөрийн нөр их хөдөлмөрөө зориулж нэгэн сэдэвт ном зохиол 15, хамтын бүтээл 25 гаруй, эрдэм шинжилгээ сурталчилгааны өгүүлэл 60-ыг бичиж гадаад дотоодын эрдэм шинжилгээний хуралд 40 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлжээ. Д. Содномгомбо Монгол улсын гавьяат багш цол хүртэж, “Сүхбаатарын одон”, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”,”Алтан гадас одон” зэрэг төрийн дээд шагналуудаар шагнагдсан юм.
Профессор Д. Содномгомбо таны гэгээн дүр бидний сэтгэл зүрхэнд мөнхөд орших болно.
Ум сайн амгалан байх болтугай.
МУИС-ийн захиргаа
НШУС-ийн захиргаа
Улс төр судлалын тэнхим
Философийн тэнхим
Монгол Улсын Гавьяат багш, МУИС-ийн Хүндэт профессор Д. Содномгомботой салах ёс гүйцэтгэх ажил 2013 оны 11 сарын 08-ны 07:30-08:30 цагийн хооронд МУИС-ийн I байранд болно.