Академич Н.Содномын мэндэлсний 90 жилийн ойн хурал болов

Share Button

Хорьдугаар зууны Монголын дээд боловсрол, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, академич Н.Содномын мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, академич Н.Содном гуай улсдаа төдийгүй дэлхийд нэр нь дуурссан цөмийн физикийн томоохон эрдэмтдийн нэг байсан юм. Академич Н.Содномын мэндэлсний 90 жилийн ойн хурал  болж  Шинжлэх ухааны салбарт хүчин зүтгэж буй эрхэм хүмүүс энэхүү хуралд хүрэлцэн ирж ойн хүрээнд хийсэн бүтээлч ажлынхаа талаарх мэдээллийг танилцуулж ажлын  явцаа дүгнэлээ.

1

Мөн академич Н.Содном гуайн тухай ном хэвлэгдэж, видео  баримтат киног бүтээснийг танилцуулсан юм. ШУА, Боловсролын хүрээлэн хамтран  “Монголын шинжлэх ухаан, дээд боловсролын хөгжил ба академич Н.Содном” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага  хурлыг өнгөрөгч аравдугаар сард зохион байгуулж байсан юм.

4

СодномАкадемич Н.Содном гуай бол эх орондоо дээд боловсрол эзэмшсэн анхны монгол сэхээтний нэг байлаа. Тэрээр МУИС-ийн анхны оюутан, сургуульдаа багшилсан анхны монгол багш, тэнхмийн эрхлэгч, хичээл ангийн дарга, энэ сургуульдаа 40 жил ажиллахдаа хоёр удаа, нийт 17 жил захирлаар томилогдон ажилласан ховорхон хувь заяатай хүн байлаа. Тэрээр Монгол улсдаа төдийгүй, Дэлхийд нэр нь дуурссан цөмийн физикийн том эрдэмтэн байлаа. Н.Содном гуай М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуульд цөмийн физикээр докторын зэрэг хамгаалсан анхны монгол хүн бөгөөд 1956 онд Дубнагийн Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийг байгуулах Гэрээнд Монгол улсын Засгийн газрыг төлөөлөн гарын үсэг зурах их хувь түүнд тохиожээ.

Н.Содном гуай Дубнагийн Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд судлаач, лабораторийн эрхлэгчээс дэвшин дэд захирлаар 2 удаа сонгогдон ажиллаж, олон улсын цөмийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Тэрээр олон жил Олон улсын атомын энэргийн агентлагтай Монгол Улсаа төлөөлөн хамтран ажилласан байна. Н.Содном гуайн гаргасан зам мөрөөр Монгол улсад олон зуун физикч эрдэмтэн төрөн гарч, олон улсын хэмжээнд ажиллаж байгаа нь энэ том эрдэмтний ач гавъяа мөн.

Академич Н.Содном гуай Монгол Улсын Дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын хорооны даргаар ажиллаж, мэргэжлийн боловсролын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулжээ. Тэрээр инженер, техникийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх үндэсний их сургуулийн суурийг тавьж байгуулсан хүн юм.

3

2

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар