Шинээр элссэн гадаад оюутнууд ганзага дүүрэн буцав

Share Button

Монголын ууган их сургуулийг сонгож, суралцахаар ирсэн улс улсын шинэ элсэгчид   нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ. МУИС-ийн “Оюутанд үйлчлэх төв”- өөс саяхан  зохион байгуулсан энэхүү уулзалт өдөрлөг  Чингэсийн хөшөө буюу “Цонжин болдог”-т нээлтээ хийж, түүнээс холгүйхэн орших байгалийн үзэсгэлэн бүрдсэн  жуулчны баазад үргэлжлэв.  Цэвэр агаарт тоглож наадан, хоорондоо дотно сайхан танилцаж, монгол орны намрын шаргал өдрийг хамдтаа үдсэн энэ уулзалтын үеэр гадаад оюутнууд  Монгол улсад суралцахаар ирэх, түр бүртгүүлэх, оршин суух зөвшөөрөл авах, сунгах, нутаг буцахтай холбогдсон хууль эрх зүйн  мэдлэг болон МУИС-д суралцах хугацааны бүх төрлийн  хэрэгцээтэй мэдээллийг олж авлаа.

Түүнчлэн МУИС-д элсэн сурах,  сургалтын хөтөлбөр, төлбөр, зуны сургалт, оюутны байр, жил бүр зохиогддог арга хэмжээ зэрэг гол мэдээллүүд болон эрүүл мэндийн даатгал бусад тусламж үйлчилгээний утасны дугаар, элчин сайдын яамдуудын  хаяг байршлыг багтаасан “Гадаад оюутны гарын авлага”-ыг тэд хүлээн авсандаа баяртай байв. 

Хүн бүхэн цээж дүүрэн цэвэр агаар, ганзага дүүрэн мэдлэг, мэдээлэлтэй буцсан энэхүү уулзалт өдөрлөгт ОХУ, БНХАУ, БНСУ, БНАЛАУ,  Япон, Тайвань улсаас ирсэн нийт 50 шинэ оюутан оролцлоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар