БНХАУ-ын Далянь хотноо 9-р сарын 24-25-ны өдрүүдэд болсон Азийн бүсийн програмчлалын 36-р олимпиадад МУИС-ийн МКС-ийн Програм хангамжийн тэнхимийн багш Д.Гармаа удирдагчтай, Г.Багаболд дасгалжуулагчтай оюутан Э.Хонгор, Л.Мөнх-очир, П.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй SMCS баг оролцож, эх орондоо анх удаа мөнгөн медаль авчирлаа. Хошой хүрэл медалийн эзэд энэ жил амжилтаа ахиулан нийт оролцсон 155 багаас шалгаран, Хятадын Shanghai Jiatong university, Tsinghua university зэрэг дэлхийд чансаагаараа тэргүүлдэг багуудын хүчтэй өрсөлдөгч нь байж, ийнхүү медалийнхаа өнгийг хувиргаж чадлаа.
Бодлогын тоо, шийдвэрлэсэн хугацаагаар нь ялагчийг тодруулж, олон улсын хамгийн шилдэг програм зохиогчийг тодруулдаг тус олимпиадад амжилттай оролцсон оюутнууд төгсөөд IT чиглэлийн гадаад дотоодын томоохон компаниудад ажиллах эрхтэй болдог юм байна.
Тус олимпиадад оролцоход ивээн тэтгэсэн МУИС болон МКС-ийн захиргаа, Хадгаламж банкны хамт олонд талархснаа илэрхийлье.