Монгол Улсын их сургуулийн захирал, доктор А.Галтбаярыг “Ярилцах танхим”-даа урьж, тус сургуультай холбоотой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–Өнгөрсөн оноос хойш МУИС бүтэц, бүрэлдэхүүндээ шинэчлэл хийж байгаа. Энэхүү шинэчлэлийн ажлын явц хэрхэн өрнөж байна вэ?
-Манай сургуулийн шинэчлэл ноднин жил хөтөлбөрөөсөө эхэлсэн. Ингээд хөтөлбөрийн хүрээнд хэд, хэдэн шинэчлэлийг хийж байна. Тухайлбал, оюутны сонголтыг өргөн болгох, оюутнуудын үзэж буй хөтөлбөрийг илүү сайжруулах, давхардлыг арилгах, хөтөлбөрийн стандартуудыг нэгтгэх гээд шат дараалалтай ажлуудыг хийж байгаа. Үүний үр дүнд суурь хичээлүүдийг нь аль болох багцлаад, тэрхүү багцалсан хөтөлбөрийнхөө дагуу ерөнхий элсэлт авч, мэргэжлээ 1.5-2 жилийн дараа оюутан ухамсартайгаар сонгох боломжийг бүрдүүлэх юм. Ийнхүү шинэчлэлийг хийх явцад олон жижиг бүтцүүд өөр өөрийн нарийвчилсан хөтөлбөртэй байсан ньдавхардлыг үүсгэж, оюутны сонгох боломжийг хааж байсан юм. Иймд бүтцийн өөрчлөлтийг зайлшгүй хийх шаардлагатай юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, бүтцийг илүү томсгож байж сонголтыг чөлөөтэй хийх боломж бүрдэх юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Мөн бүтцийн өөрчлөлтийг хийхийн өмнө уг асуудлаа төсөл зарлаж судалгааг хийсэн. Судалгааны дүгнэлтээс бүрэлдэхүүн сургууль болгон тусдаа их сургууль шиг бодлого явуулж байна, энэ нь оюутнуудад хэрэгцээтэй хөтөлбөрийг санал болгоход саад болж байна, нөгөө талаар хэтэрхий жижиг бүтэц байна гэдэг нь эдийн засгийн үр ашиг муутай, аливаа өрсөлдөөнт тогтолцоог хааж байна гэж гарсан.Тиймээс бүтцэд өөрчлөлт орж, томрох ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ үүднээс ч мэргэжлийн чиглэлээр нь тэнхимийг томсгох шаардлага гарч ирсэн юм. Ингээд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-нд УЗ-өөс гарсан шийдвэрийн дагуу ажил эхэлсэн. Сургуулиудыг татан буулгалаа гэж яриад байгаа, гэтэл тийм биш. Шинэ зохион байгуулалтад оруулж байна гэж ойлгох ёстой. Одоо хүртэл хийсэн ажлуудыг цэвэр зохион байгуулалтын чанартай ба агуулгын шинэчлэлтэй ажлууд гэж хоёр хувааж болох юм. Энэ хугацаанд тэнхмүүдийг шинээр зохион байгуулж, багш, оюутнуудын шинэ бүтцийн дагуу хуваарилж дууслаа. Удирдлуудыг томилсон, тэд маань ажилдаа ороод байна. Захиргааны зориулалтаар ашиглаж байсан зарим анги танхимуудыг оюутанд үйлчлэх эсвэл сургалт судалгааны өрөө болгож өөрчилж байна. Агуулгын шинэчлэлийн хувьд хөтөлбөрийг тэнхмийн харьяаллаас салгаж тэнхим, бүрэлдхүүн сургууль, МУИС-ийн зэрэг хөтөлбөрийн хороодыг байгуулж бүрэлдэхүүнийг батлаад ажиллуулж байна. Мөн сургалтыг нэгдсэн удирдлагаар хангах Сургалтын нэгдсэн алба байгууллаа. Саяхан Шинжлэх ухааны сургуулийн сургалтын албаны нээлтийг хийлээ.
-Ирэх хичээлийн жилээс тодорхой чиглэлээр шууд элсэлт авахгүй гэсэн. Ингэж байгаа нь элсэлтийн шалгалттай холбоотой гэж ойлгож болох уу?
-Элсэлт ийм болж байгаа нь бид аль болох хүүхдүүдэд МУИС-ийн их сургуулийн ерөнхий мэдлэг, ур чадварын хичээлүүдийг үзэх явцдаа юунд сонирхолтой, аль чиглэлээр илүү авьяастайгаа зөв тодорхойлсоны дараа мэргэжлээ сонгох боломжийг бүрдүүлэхтэй холбоотой. Эхний 1.5 жилийн суурь хичээлүүд нь нийгэм хүмүүнлэг, байгалийн ухааны суурь хичээлүүд, тухайн элссэн бүрэлдэхүүн сургуулийн минимум шаардлага болох хичээлүүдээс бүрдэнэ. Сонгосон мэргэжил нь тодорхой хүүхдүүд илүү нарийн хичээлүүдээ үзээд харгалзах суурьтаа тооцуулаад явах ч боломжтой. Цаашаа харин мэргэжил сонгоход хамгийн сайн сурсан хүүхдүүд өрсөлдөөн ихтэй мэргэжил сонгоход давуу эрх эдэлнэ. Иймээс элсэлтийг илүү ерөнхий байдлаар зохион байгуулахаас аргагүй.
Элсэгч МУИС-д элсэхдээ эхлээд үндсэн 3-4 шалгалтын аль нэгийг сонгож өгнө. Тэр нь нийт тухайн хүүхдийн авах нийт онооны 70 хувь болно. Мөн дараа нь үлдсэн 10 хичээлээс сонголтоо хийж шалгалт өгснөөр 30 хувиа гүйцээж авна. Энэ тухай илүү тодорхой мэдээллийг танай сургуулийн веб сайтаас авах боломжтой. Хэрвээ элсэгч маань цаашдаа эдийн засгийн мэргэжлийг сонгох бол орохдоо математикийн шалгалтыг өгсөн байхыг шаардана.
-МУИС-ийн хөтөлбөрийн хороо саяхнаас үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үүний эцсийн зорилгыг та юу гэж харж байна?
-Хөтөлбөрийн хорооны эцсийн зорилго бол хөтөлбөр зөвхөн тэнхимд суурилсан байсныг өөрчлөх юм. Хөтөлбөрийн саналыг тэнхимын хүрээнд хийчихээд гарсан саналыг Бүрэлдэхүүн сургуулийн хороогоор авч хэлэлцэнэ. Дараагаар нь дээд шатанд нь Их сургуулийн хөтөлбөрийн хороогоор авч үздэг болно. Өөрөөр хэлбэл, эдгээр хороо нь шат шатандаа өөрсдийн зорилготой, тухайн шатныхаа бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл боломж нь нээгдэж байгаа юм. Их сургуулийн хөтөлбөрийн хороо гэхэд тухайн хөтөлбөр сургуулийн хэмжээнд давхардал байгаа эсэх, бусад тэнхмүүдийг оролцуулах боломжтой зэргийг хянана.Тэгэхээр өмнө нь асуудлыг хэдхэн хүний бүрэлдэхүүнтэй тэнхмийн хүрээнд голчлон шийддэг байсан бол шинэчлэлийг хийснээр төвшин төвшинд нь авч үзээд шийддэг болох юм. Энэ нь ч ерөнхий зургаа харах боломжийг бий болгоно.
Хөтөлбөрийн хорооны үйл ажиллагаа ойлгомжтой. Харин бүрэлдэхүүн сургуульд байр, тасалгаа хуваарилах ажлын хэсгийг байгуулсан гэсэн. Энд тэгэхээр арай өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулах нээ?
-Түрүүн хэлсэнчлэн энэ ажил бол илүү зохион байгуулалтын чанартай ажил юм. Байршлыг зохистой хуваарилах талаар ажлын хэсэг ажиллаж байна. Үүнээс гаднатөсвийг шинэ бүтцээр хийх, оюутны цахим мэдээллийг шинэ бүтцэд тохируулах зэрэг олон механик ажлуудыг амжуулах ёстой.Энэ ажлууд бидний хийсэн агуулгын шинэчлэлээс урган гарч байгаа ажлууд юм.
-МУИС шинэчлэл хийж байгаатай холбогдуулж БШУЯ-наас ямар бодлого барьж байгаа вэ?
-Энд яам, улсын бодлого ч байгаа гэж хэлмээр байна. Улсын бодлого гэдэг бол тухайн нийгмийн шаардлагатай уялдаатай. Нийгмийн зүгээс манай энэ олон их дээд сургуулийг төгсөн гарч байгаа оюутнууд зах зээлийнхээ шаардлагыг биелүүлж, ажилтай орлоготой болж байна уу гэдгийг харж байгаа гэж хувьдаа бодож байгаа. Үүний дагуу оюутан уруугаа чиглэсэн, улс оронд хэрэгтэй мэдлэг үйлдвэрлэх сургуулийн бодлого гарч ирж байгаа. Элссэн оюутан маань мэргэжлээ солих хүсэлт их гаргадаг, төгссөн оюутнууд маань ч мэргэжлээ сольж дахин суралцах тохиолдол гардаг. Иймд сонголтыг эрхэмлсэн, нөгөө талаас хамгийн сайн хөтөлбөр санал болгох ийм системийг бий болгохыг зорьж байгаа. Яамнаас яг ингэ, тэг гэж заасан зүйл байхгүй ч манай шинэчлэлийг бодлогын хувьдч, санхүүгийн хувьд ч дэмжиж байгаа.
-Мөн шинэчлэлийн хажуугаар оюутан шилжихтэй холбоотой асуудал үүсч болно. Ийнхүү оюутан шилжихтэй холбоотойгоор асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох вэ?
-Үндсэндээ гурван төрлийн шилжилт байгаа юм. Нэгдүгээрт, гадаадын их дээд сургуулиас шилжиж ирэх, хоёрдугаарт дотоодын сургуулиудаас, гуравдугаарт сургууль доторх шилжилт гэж байна. Тэгэхээр эдгээр нь ихэвчлэн хувь хүний сонирхолтой холбоотой. Тухайлбал, гадаадаас шилжин ирж суралцах хүсэлтэй оюутнуудын хувьд ямар ч хамаагүй их сургууль гэж хэлэхэд бэрхшээлтэй сургуулиас ирсэн оюутныг шууд шилжүүлж авах боломжгүй. Харин үнэхээр дэлхийн топ 500-д ордог сургуулиас шилжин ирж байгаа тохиолдолд шилжүүлэн авч болно. Үүнийг бид бодлогодоо тусгана. Дээр хэлсэнчлэн хоёрдугаарт дотооддоо шилжих асуудал яригдана. Энэ бол манай чанарын асуудалд нөлөөлдөг. Тиймээс уг шилжилтийг аль болох хүлээн зөвшөөрөх ёсгүй. Тухайн элсэгч элсэхдээ босго оноо багатай сургуульд элсэн орчихоод, хэсэг хугацаанд суралцаж байгаад шилжихийг бид ирэх жилээс зогсооно. Харин гурав дахь төрлийн шилжилт бидний хийж байгаа өөрчлөлтийн үр дүнд аяндаа алга болно.Энэ болгоныг бид өрсөлдөөнийх замаар шийдвэрлэхийг зорьж байна. Өөрөөр хэлбэл, бид оюутнуудаа анхнаасаа зөв сонголтыг хийхэд нь дэмжиж, эцэстээ би буруу сонголт хийчихсэн байна гэсэн сэтгэгдэлтэй үлдээхгүй байхыг эрмэлзэж байгаа алхам гэж ойлгох хэрэгтэй.
-МУИС-ийн хувьд шинэчлэл хийж байгаа нь зөв. Гэсэн нөгөө талаар олон жилийн турш хадгалж ирсэн тогтолцоо алдагдлаа. Цаашлаад оюутнууд ямар мэргэжлээр төгсөх нь тодорхойгүй болчихлоо, багш нарын орон тооны цомхотголыг хийнэгэх мэтээр шүүмжлэлийг дагуулж, бүр зарим хүний хувьд үүнийг шинэчлэл нэрийн доор хийж байгаа хууль бус шийдвэр гэж харах нь ч бий?
-Мэдээж хүн бүр шинэчлэлтэй холбоотойгоор дотроо санаа зовниж суугаа байх. Гэхдээ энд хэн нэгний эрх ашиг зөрчигдөх асуудал үүсэхгүй. Тухайлбал, зарим оюутан өөрийгөө ямар мэргэжлээр төгсөхийг мэдэхгүй байна гэж байна. Энд эргэлзэх зүйл огт байхгүй. Одоо суралцаж байгаа оюутнууд анх ямар мэргэжлийг сонгож орсон, тэр чиглэлээр, хуучин хөтөлбөрийнхөө дагуу явж сургуулиатөгсөнө. Тэгэхээр энэ тал дээр одоо суралцаж байгаа оюутнууд санаа зовних шаардлагагүй. Харин багш нарын хувьд одоогийн байдлаар төчнөөн хүнийг ингэж цомхотгоно гэсэн зүйл алга. Хамгийн гол нь багш сайн хичээл санал болгосон тохиолдолд заах эрх нь нээлттэй байна, оюутнуудад тэр багшийг сонгох эрх нь бас байгаа. Тэр багшийг харин сонгохгүй болбид хүчээр сонгуулах боломжгүй. Иймээс багш нар ч гэсэн өрсөлдөөнт байдалд ажиллана. Шүүмжлэл бүр өөрийн шалтгаантай, тэдгээрийг бид оюутантай ээлтэй, чадвартай сайн багш нар маань ажиллаад, сайхан амьдраад явах боломжийг бүрдүүлсэн байхаар шийдэх ёстой. Энэхүү шинэчлэл маань олон эрдэмтэн багш нарын санаа, бодол, судалгаан дээр тулгуурлаж бүтсэн, тулгарч байгаа асуудлуудаа тухай бүрт нь шийдэж яваа гэж хэлмээр байна. Заримдаа шинэчлэлтэй огт холбоогүй асуудлаар шүүмжлүүлдэг болж. Намайг буруутгаад байгаа шилжилтийн төлбөр авдаг, 50 хувийн багшаар давхар ажиллуулдаг, албан хэрэгцээнд шатахууны мөнгө олгодог асуудлуудын талаарх шийдвэр тушаалууд нь өмнөх захирлуудын үед ч байсан. Би захирал болоод шинээр санаачлаад бий болгосон зүйл огт байхгүй гэдгийг онцолж хэлье. Өөр нэг асуудал нь арван хоёрдугаар сарын сүүлээр томилогдсон зарим удирдах албан тушаалтныг тухайн тэнхимд нь 50 хувийн гэрээт багшаар хавсран ажиллуулах шийдвэртэй холбоотой юм. Энд дөрвөн хүний асуудлыг онцгойлон бичээд байгаа. Дээрх хүмүүсийн хувьд сургуулийн захирал, дэд захирал зэрэг албан тушаалд томилогдохын өмнө тэнхимдээ 100 хувийн багшаа хийгээд явж байсан, цагийн ногдлоо гүйцэтгэсэн, мөн энэ семистрт хичээлийн хуваарь нь тавигдаад хичээлээ заагаад явж байгаа хүмүүс. Томилгоо хичээлийн жилийн дундуур хийгдсэн учир сургалтын үйл явцын тасралтгүй байдлыг хангах, нөгөө талаас эдгээр хүмүүстэй нэгэнт тогтоосон хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлэх үүднээс энэ хичээлийн жилийг дуустал гэрээт багшаар ажиллуулах шийдвэрийг гаргасан.Энд онцолж хэлэхэд МУИС-ийн захиргааны албан тушаалтан гэдэг бол дарга гэхээсээ илүүтэй эрдэмтэн, судлаач, багш хүн байдаг. Тэр хүмүүс тодорхой хугацаанд энэ албан тушаалыг хашихын зэрэгцээ өөрсдийн судалгаа шинжилгээ, сурган хүмүүжүүлэх ажлаа тасралтгүй үргэлжлүүлж байдаг онцлогтой.Бид шинжлэх ухааныхаа салбарт нэр хүндтэй хүлээн зөвшөөрөгдсөн ийм хүмүүсийнхээ мэдлэг чадварыгоюутныхаа хөгжилд зориулахыг эрмэлздэг.
-АТГ-аас таныг шалгаж байгаа гэх. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-АТГ-т намайг шалгуулахаар хүсэлт ирсэн гэсэн. Гэхдээ би эрх ашгийнхаа эрэмбийг мэддэггэж боддог. Энэ хариуцлагатай албан тушаалд ажиллаж байж хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх, эсвэл хэдхэн хүмүүст үйлчлэх байдлыг бий болгох байдал гаргахгүй. Эцэст нь ажил хийж байхад гэдэг иймэрхүү ор үндэсгүй гүтгэлэг ч гардаг юм байна даа гэж бодох юм.
Улс төрийн тойм сэтгүүлч: Т.БОЛОРЦЭЦЭГ