БШУЯ-ны яам “Бакалаврын хөтөлбөрт тавих нийтлэг шаардлага” -ыг баталлаа

Share Button

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Бакалаврын хөтөлбөрт тавих нийтлэг шаардлага” -ыг баталлаа. Энэ талаар МУИС-ийн сургалт эрхэлсэн  дэд захирал Проф О.Мөнхбат ийнхүү ярилаа.

1

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 4 дүгээр сарын 28 -ны өдрийн А\174  дүгээр тоот тушаалаар “Бакалаврын хөтөлбөрт тавих нийтлэг шаардлага”-ыг (цаашид Нийтлэг шаардлага гэнэ) батлагдлаа. Энэхүү нийтлэг шаардлага батлагдсанаар МУИС-ийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэлд ямар нөлөө, ач    холбогдол үзүүлэх вэ?

МУИС-ийн хөтөлбөрийн хороод нь сургалтын шинэчлэлийн хүрээнд бакалавр, магистр, докторын сургалтын хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, дээд боловсролын шаталсан сургалтыг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байна.МУИС-ийн сургалтын шинэчлэлийн үндсэн чиглэлийн нэг бол бакалаврын зэрэг олгох сургалтын үйл ажиллагаа бөгөөд Нийтлэг журам батлагдан гарснаар манай шинэчлэлийн үйл явц бодлого эрх зүйн хувьд илүү баталгаатай болж байгаа юм.

Түүний зэрэгцээ бакалаврын сургалтанд тавих нийтлэг шаардлагыг журамлаж өгснөөр хөтөлбөрийн стандарт шаардлагыг жигдэлж, хөтөлбөрийн хороодын чиг үүргийг баталгаажуулж, Ерөнхий  суурь бүрдэл хэсгийн ач холбогдол, үр нөлөөг нэмэгдүүлэх боломж олгож байна.

–  Нийтлэг журмын гол зорилго, агуулгын талаар товч ярина уу?

Нийтлэг журмыг батлан гаргахад улсын томоохон их сургуулиуд түүний дотор МУИС идэвхтэй оролцсон учраас орчин цагийн дээд боловсролын хэрэгцээ шаардлагыг мэдэрсэн, Монголын их дээд сургуулиудын өмнө тулгарч байгаа олон асуудлыг шийдэхэд чиглэсэн чухал баримт бичиг болсон.

Онцгойлон дурдахад хөтөлбөр гэдэг ойлголтыг албажуулж, түүний бүрэлдэхүүний талаарх сургуулиудын ойлголт мэдлэгийг жигдэлсэний зэрэгцээ хөтөлбөрт тавигдах босго шаардлагыг журамласны дүнд сургалтын чанар стандартыг дээшлүүлэх,  дээд боловсролын байгууллагын чадавхи хариуцлагыг үнэлсэн харьцуулалт хийх боломж олгосон гэх зэрэг олон чухал нөхцлийг бүрдүүлж байна.

–   Нийтлэг журам МУИС-ийн сургалтын шинэчлэлтэй хэрхэн уялдаж байна вэ?

МУИС-ийн бүтцийн шинэчлэлийн дүнд сургалтын шинэчлэлийн үйл ажиллагаа бусад их дээд сургуулиудыг бодоход эрчтэй, түрүүлж явж байгаа нь нууц биш. Энэ утгаараа бид БШУЯ-наас гарах бодлогын баримт бичгүүдийг нэг талаас хүсэж нөгөө талаас болгоомжлон хүлээдэг. Болгоомжилдог гэдэг маань хэрэв бодлого өөрөөр гарвал бид сургалтын үйл явцаа түүнд нийцүүлэхээс өөр аргагүй. Нийтлэг журам манай сургалтын шинэчлэлтэй агаар нэгэн байгаад бид баяртай байна.

Энэ журмаар Ерөнхий  суурь хичээлийн кредит цагийг нийт багц цагийн 30 хувиас илүүгүй байх гэсэн нь одоо МУИС-ийн Ерөнхий суурийн 36 кредит цагтай нийцэж байна.  Түүнчлэн Мэргэжлийн суурь хичээлийг 25 хувиас илүүгүй гэсэн нь бидний бүрэлдэхүүн сургуулийн шаардлага гэж нэрлээд ХШУИС-д 15 багц, бусад сургуульд 9 багц цаг гэж хуваасантай мөн дүйцэж байна. Энэ бүрдэл хэсэг бол мэргэжлийн чиглэл буюу хөтөлбөрийн суурь болж өгөх ёстой бөгөөд Мэргэжил рүү чиглүүлэх, баримжаа олгох зайлшгүй суурь мэдлэг ур чадварыг олгоход чиглэнэ гэсэн үг.

Үүний зэрэгцээ мэргэжлийн цагийг нийт багц цагийн 45 хувиас доошгүй байна гэсэн нь билний 60 багц цаг буюу 50 хувиас илүүгүй байгаатай дүйцэж байгаа юм. Түүнчлэн хавсарга мэргэжил (minor)  гэсэн ойлголт анх удаагаа журамлагдан заагдлаа.

Ер нь Нийтлэг журам нь их сургуулиудад хөтөлбөрийн хувьд бие даан шийдвэр гаргах их орон зай гаргаж өгч байгаагаараа онцлог болжээ.

            Ярилцлага өгсөн танд баярлалаа.

БАКАЛАВРЫН МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА БАТЛАХ ТУХАЙ ТУШААЛ 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар