МУИС-ИЙН БАГШ НАРЫН ХОЛБОО, ҮЭНХ-НООС ИРҮҮЛСЭН ШААРДЛАГАД ӨГӨХ ХАРИУ

Share Button

МУИС-ийн багш нарын холбоо, ҮЭНХ-ноос ирүүлсэн шаардлагад өгөх хариу

 Та бүхний ирүүлсэн дүгнэлт шаардлагатай бид танилцлаа.

logo_web.jpg1МУИС-ийн шинэчлэлийн үйл явц удирдлага зохион байгуулалт, сургалт эрдэм шинжилгээ, төсөв санхүү, хамтын ажиллагааны бүхий л хүрээг хамран амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд манай эрдмийн хамт олон  дэмжиж, идэвх зүтгэл гарган ажиллаж байна. Бид 2014-2015 оны хичээлийн жил эхлэхээс өмнө:

  • Шинэ хөтөлбөрүүдийг санал болгох, элсэлтийг элсэгчдэд илүү сонголтыг санал болгосон цоо шинэ хэлбэрээр явуулах;
  • Сургалтын нэгдсэн алба байгуулах;
  • Оюутанд үйлчлэх албаны оюутанд чиглэсэн үүргийг нэмэгдүүлэн, шинэ зохион байгуулалтанд оруулах;
  • Номын сангийн үйл ажиллагааг чанарын шинэ шатанд гаргах;
  • Шинэ бүтцийн дагуу хичээлийн байр, анги танхимын хуваарилалт, байршлыг шинэчлэн тогтоох, захиргааны хэрэгцээнд байсан анги танхимыг сургалт судалгаанд ашиглах;
  • Шинэ бүтцийн дагуу төсвийг шинэчлэн боловсруулах;
  • Шинэ бүтцийн дагуу Сиси системийг өөрчлөх;

зэрэг олон ажил амжуулахаар зөвхөн захиргаа бус манай нийт хамт олон өндөр  ачаалалтай ажиллаж байна. Эдгээр ажлыг хийх явцад тухай бүр яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудал олон гарч байгаа бөгөөд энэ нь ажил хийх явцад гардаг энгийн үзэгдэл гэдгийг хүн бүхэн мэднэ.

БШУ-ы яамнаас дээд боловсролын шинэчлэлийн асуудлаар төсөл, хөтөлбөрүүд дэвшүүлэн ажиллаж байгаагаас МУИС-ийн шинэчлэлийн үйл ажиллагаанд бодлогын болон санхүүгийн талаар дэмжлэг үзүүлж байгааг энд тэмдэглэх нь зүйтэй. Тухайлбал, энэ хичээлийн жилд БШУЯ-наас  хөрөнгө оруулалт, шинэчлэлийн үйл ажиллагааг дэмжих, сургалтын орчин, их засварт нийт 5.1тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэж өгөөд байна. Цаашид бид зайлшгүй дэмжлэг авах ёстой суурь шинжлэх ухааны хөтөлбөрүүд дээр санхүүгийн дэмжлэг авахын төлөө ажиллаж байна. БШУ-ы яамны дэргэд байгуулагдсан Дээд боловсролын хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэгт  манай хамт олны төлөөлөл орж ажиллаж байна.

МУИС нь Хөтөлбөрийн хорооны үзэл номлолыг Монголын дээд боловсролын тогтолцоонд анх удаа нэвтрүүлж, хөтөлбөр боловсруулах үйл явцыг эрдэм багш, профессорын шууд оролцоотойгоор мэргэжлийн экспертизийн түвшинд зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд манай багш профессоруудын дунд бакалавр, магистр, докторын олон зуун хөтөлбөрийг дэлхийн шилдэг их сургуулийн туршлага, Монгол улсын дээд боловсролын шинэчлэлийн бодлогод нийцүүлэн шинэчлэх нөр их ажил өрнөж байна. МУИС-ийн эрдэмтэн профессорууд өөрийн сургалтын хөтөлбөрийг хөндлөнгийн оролцоо, нөлөөлөлгүй ийнхүү боловсруулж байгаа явдал МУИС-ийн бие даасан байдал, эрдмийн эрх чөлөөг хангах чухал арга хэмжээ билээ. Энэ явцад БШУ-ны яамнаас “Бакалаврын хөтөлбөрт тавих нийтлэг шаардлага” бодлогын баримт бичиг болон  хөтөлбөрийн шинэ индексийг баталсан нь бидний явуулж буй үйл ажиллагаанд чухал бодлогын дэмжлэг боллоо.

Шинэчлэлийн явцад цөөнгүй хүндрэл бэрхшээл тулгарч байгаа ч МУИС-ийн эрдмийн хамт олон энэ бүхнийг цаг тухайд нь шийдвэрлэх оюуны хангалттай чадавхитай юм. МУИС-ийн бие даасан байдлыг бэхжүүлэх хэрэгтэй гэж аман дээрээ ярьдаг зарим хүмүүс сургуулийн дотоод асуудалд төр, улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил хийж байгаа нь тун ойлгомжгүйн зэрэгцээ хариуцлагагүй явдал юм.

Аливаа судалгаа, санал асуулга бол шинжлэх ухааны онол, арга зүйд суурилсан, мэдээллийн найдвартай байдал, төлөөллийг хангасан, мэргэжлийн бөгөөд нийгмийн өндөр хариуцлагатай үйл ажиллагаа байдаг. Та бүхний МУИС-ийн багш ажилтаны дунд явуулсан гэх энэхүү санал асуулга нь хэрэглэгдхүүний боловсруулалт, мэдээлэл авч боловсруулсан арга зүй, асуулга явуулсан хүмүүсийн мэргэжлийн ур чадвар зэргийн хувьд дээрх шаардлагыг хангасан гэх үндэслэл, нотолгоо байхгүй байгаа нь мэдээллийн төлөөлөх чадвар, найдвартай байдалд эргэлзэхэд хүргэж байна.

Харин ч шинжлэх ухааны нэр барьж, өөрсдийн улс төржсөн явцуу эрх ашгийн төлөө хамт олны санал асуулгын дүн, дүгнэлт нэрээр

 “Бидний хийсэн судалгааны дүн, хэлэлцүүлгээс гарсан дүгнэлтэнд 2014 оны 05 дугаар сарын 10-ны дотор албан ёсны хариу өгч, сургуулийн сайтад нээлттэйгээр байршуулан бодлого, үйл ажиллагааны тодорхой шийдвэр алхам хийхийг шаардаж байна. Хэрэв бидний шаардлагыг эс хэрэгсвэл удирдлагын багийг огцруулах тэмцлийн дараагийн шатанд шилжих болно”

гэсэн тулгалт, сүрдүүлэг хийж байгаа нь та бүхний эцсийн зорилго нь ажил хэргийн бүтээлч хандлага бус зөвхөн захиргааны эсрэг явуулж байгаа улс төрийн үйл ажиллагаа гэдэг нь одоо хүн бүрт ойлгомжтой болсон гэж үзэж байна. Тухайлбал, нээлттэй хэлэлцүүлгийн дүгнэлтэд бичсэн, “МУИС-д хийгдэж буй шинэчлэл нь судалгаагүй, нэгдсэн бодлогогүй, үндсэн зарчимгүй, хамт олны оролцоогүй байдлаар эхэлснээр гацаанд оржээ” гэсэн дүгнэлт бол Та бүхний 2013 оны 11 дүгээр сараас хойш сошиал медиагаар бичиж, ярьж ирсэн танил дүгнэлт байна. Харин ч 2013 онд нээлттэй зарласан дотоод төслийн хүрээнд хийгдсэн судалгаанууд “МУИС-д бүтцийн өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй” гэсэн дүгнэлт хийсэн, тэдгээр судалгаа анх зарлагдахаасаа л МУИС-ийн веб сайтад ил тод нээлттэй тавигдсан, дээрх судалгаануудад манай 40 гаруй эрдэмтэн багш нар оролцсон, судалгааны үр дүнгийн талаарх нээлттэй хэлэлцүүлгүүдэд эрдмийн хамт олон идэвхитэй оролцож ирсэн, бүтцийн өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэгт олон зуунбагш, ажилтан оролцсон зэргийг үгүйсгэж чадахгүй бизээ.

МУИС-д ажилладаг нэр бүхий хэсэг хүмүүс төрийн бус байгууллагын нэр барьж сургалт эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, хууль бус дарамт шахалт үзүүлэхийг зорьж, төрийн өмчийн анги танхим, техник хэрэгсэл ашиглан улс төржсөн үйл ажиллагааг явуулж байгааг МУИС-ийн удирдлага удаа дараа анхааруулсаар ирсэн билээ. Улс төрийн шинжтэй үйл ажиллагаа явуулах, олон нийтэд ул үндэсгүй, худал мэдээлэл тараан хамт олныг хагалан үймүүлэх, хууль эрх зүйн хувьд өөрт  оногдоогүй чиг үүргийг гүйцэтгэхийг оролдох гэх мэтийн алхамууд тань алсдаа оюутнуудын орчин үеийн боловсрол эзэмших, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, хамгийн гол нь оюутанд ээлтэй, нээлттэй сургалтын тогтолцоог бий болгоход садаа болно гэж үзэж байна.

Бүтцийн өөрчлөлт болон хөтөлбөрийн шинэчлэлийн бодит үйл явцад гарч ирэх асуудлуудын мөн чанар, цар хүрээнээс хамааран бодлогын шинжтэй асуудлыг шинээр тавих, ажлын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгарахыг бид үгүйсгэхгүй. МУИС-ийн Стратеги төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг сургуулийн эрдмийн хамт олон болон мэргэжлийн эрдэмтийн төлөөлөл орсон ажлын хэсэг боловсруулан Дүрэмд заасны дагуу Эрдмийн зөвлөл болон Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэх болно.

МУИС-ийн шинэчлэлийн явцын талаар нээлттэй байдлыг хангах нь нийгэм, хамт олон бидний ажлын зорилго зорилт, мөн чанарыг зөв ойлгоход чухал бөгөөд энэ нь эргээд манай сургуулийн нэр хүндийг дээшлүүлэх, нийгмийн зүгээс бидэнд итгэл улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

МУИС-ийн хамт олноос гарч байгаа сургуулийн үйл ажиллагааны талаарх шинжлэх ухаанч, бүтээлч, ажил хэрэгч аливаа санал, санаачлагыг талархан хүлээн авч, дэмжин ажиллах болно.

МУИС-ийн захиргаа

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар