Аргын тооллоор 2014 оны 5-р сарын 23-ны баасан гаригт, билгийн тооллоор хаврын адаг сарын 24-ны хөх морь, өлзий дэмбэрэл бүрдсэн өдөр МУИС дээр анх удаа эсийн өсгөврийн зориулалтын лабораторийг МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторид үүсгэн байгууллаа. ХБНГУ-ийн Гоеттингенийн их сургуулиас тус лабораторид анхны эсийн дээжүүд болгож 13 төрлийн хавдрын эсийн шугамыг үнэ төлбөргүй хандивласан бөгөөд эдгээр нь 5-р сарын 22-нд хүрэлцэн ирж амжилттай нутагшлаа.
Энэхүү лабораторийг байгуулахад ХБНГУ-ийн Гоеттингенийн их сургуулийн Хүний генетикийн хүрээлэн, түүний захирал, МУИС-ийн хүндэт доктор, доктор, профессор Волфганг Энгэлийн урт хугацааны буцалтгүй тусламж дэмжлэгүүд, 2013, 2014 онд хэрэгжиж буй Азийн судалгааны сангийн (ARC) төслүүдийн дэмжлэгүүд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснийг цохон тэмдэглэх нь зүйтэй. Энэхүү лаборатори нь бүх төрлийн эукариот эсийн өсгөврийг ургуулах, хадгалах, судалгаа хийх хүчин чадалтай.
Цаашид энэхүү лаборатори дээр түшиглэн Монгол улсын эсийн өсгөврийн банк байгуулах зорилгоор МУИС-ийн эрдэмтэд төсөл хэрэгжүүлж байна.
Энэхүү лаборатори ашиглалтанд орсноор монгол улсад молеул биологи, генетик, биотехнологи, анагаах ухаан, биохими, фармакологийн судалгааны ажил хийгдэх төвшин цоо шинэ, орчин үеийн шатанд гарч монгол улсын шинжлэх ухаан технологийн хөгжилд томоохон хувь нэмрээ оруулах нь дамжиггүй юм.