Мэдээлэл

Share Button

logo_web.jpg1МУИС-ийн төгсөх ангийн нэр бүхий зарим оюутнаас 2011 онд кредит системт шилжихтэй холбогдон үүссэн төлбөрийн үлдэгдлийн асуудлаар гомдол гаргаж, МУИС -ийн захиргаа болон БШУЯ-ны удирдлагад хандсан билээ.

Дээр дурдсан төлбөрийн үлдэгдэл нь МУИС-ийн Удирдах зөвлөлөөс  2010-2011 онд гаргасан шийдвэрүүдийн дагуу оюутны үзэж судалсан, төлбөл зохих хууль ёсны төлбөр бөгөөд эдүгээ МУИС-д өрнөж буй бүтцийн шинэчлэлтэй ямар ч холбоогүй болохыг мэдэгдэхийг хүсч байна.

Дээд боловсролын бакалаврын зэрэг хүртэхэд оюутан 120-иос доошгүй багц цаг судалсан байна гэж боловсролын хууль тогтоомжид хуульчлан заасны дагуу их дээд сургуулиуд өөрсдийн хөтөлбөрийн онцлогоос хамааран 126, 130 эсвэл 150 багц цаг гэж янз бүрээр тогтоодог билээ. Энэхүү илүүдэл багц цаг гээд байгаа эдгээр хичээлүүд бол оюутан эзэмшиж байгаа тухайн мэргэжлээр судалбал зохих хичээл төдийгүй дипломын хавсралтанд бичигдэх, сурлагын дүнгийн дундаж үзүүлэлтэнд зохих хувь эзэлдэг хичээл бөгөөд дийлэнх оюутнууд тус төлбөрийг бүрэн барагдуулсан болно.

Зарим оюутны шаардаж байгаагаар төлбөрийн үлдэгдлээ төлөөгүй хэсэг оюутны төлбөрийн үлдэгдлийг хүчингүй болгох нь хууль бус төдийгүй төлбөрөө төлж, үүргээ биелүүлсэн мянга мянган оюутны хувьд шударга бус үйлдэл болохыг онцлон хэлж байна.

Үүний зэрэгцээ МУИС нь оюутныхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэднийг нийгмийн идэвхтэй гишүүн болж төлөвшихөд чиглэсэн хөгжлийн арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлсэн ирсэн бөгөөд кредит тогтолцоонд анх шилжиж буйтай холбогдуулан 2010-2011 оны ийм төрлийн төлбөрийн үлдэгдлийг нийт оюутнуудын хувьд тэглэж, 2011-2012 хичээлийн жилд судалсан зарим багц цагийн төлбөрийг төгсөхөөсөө өмнө барагдуулах боломжийг оюутандаа олгосон юм.

Энэ удаа ч бид оюутандаа хүндрэл багатайгаар үүссэн асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна. Энэхүү зорилтын хүрээнд дээр дурдсан оюутны төлөөлөлтэй хэд хэдэн удаа уулзахдаа үлдэгдэл төлбөрийг тухайн үеийн багц цагийн төлбөрийн түвшинд тооцох, амжилттай сайн суралцдаг, амьжиргааны түвшин доогуур оюутнуудын хувьд нөхцөл байдлыг судлан үзээд зарим хөнгөлөлт үзүүлэх, төлөх хугацааг сунгах гэрээ байгуулах зэрэг олон хувилбарыг санал болгосон.

2014 оны 5 дугаар сарын 29-нд оюутнуудын төлөөлөлтэй уулзсан ээлжит уулзалтын явцад төлбөл зохих төлбөрөө барагдуулж амжаагүй оюутнуудын төлөх хугацааг сунгах гэрээ байгуулах, түүнчлэн энэ асуудлыг Удирдах зөвлөлийн  хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэр гаргуулах тал дээр хамтран ажиллахаар МУИС-ийн захиргаа оюутны төлөөлөлтэй хэлэлцэж тохирсон болохыг мэдэгдэж байна.

МУИС-ийн захирлын хувьд нийт оюутнууддаа шалгалт шүүлэгтэй хариуцлагатай хандаж, өндөр амжилт үзүүлэх, сургуулийн орчноо эрдэм оюунлаг үйл ажиллагаа, эрүүл саруул өрсөлдөөн, бүтээлч сэтгэлгээний орон зай хэвээр хадгалахад нийт багш ажилтан, оюутны хичээл зүтгэл зайлшгүй хэрэгтэй болохыг онцлон тэмдэглэж байна.

МУИС-ийн Захирал            А.Галтбаяр   

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар