МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн танилцуулга

Share Button

logo_web.jpg1Тус сургууль нь байгалийн ухаан, нийгмийн ухаан, хүмүүнлэгийн ухаан гэсэн 3 салбарт 19 тэнхимтэй үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

Байгалийн ухааны салбар: Тус салбар нь 1942 оноос буюу МУИС анх байгуулагдсанаас хойш сургалт эрдэм шинжилгээний ажлыг тасралтгүй явуулж ирсэн арвин туршлагатай хамт олон билээ. Одоо математик, физик, хими, биологи, газарзүй, геологи геофизикийн мэргэжлийн 6 тэнхимтэйгээр дахин зохион байгуулагдсан.

Математик, хими, физик, биологи, газарзүй, геологийн шинжлэх ухааны чиглэлээр олон улсын хөгжлийн нийтлэг чиг хандлагад нийцсэн эрдэм шинжилгээ, шаталсан сургалт явуулж улс орны хөгжилд далайцтэй хувь нэмэр оруулах үндэсний сургалт судалгааны төв байх эрхэм зорилготойгоор ажиллаж байна. Монголын тэргүүлэх эрдэмтэд болох олон багш нар энэ тэнхимүүдэд өөрийн мэдлэг, туршлагаа оюутан суралцагчдад хуваалцан сургахад өөрийн хувь нэмрээ оруулдаг юм.

Хими, физик, биологи, газарзүйн сургалтын лабораториудаар тоноглогдсон, Өвөрзайсан, Хонин нугад мэргэжлийн дадлага хийх талбай, хотхонтой.

ЕБС-ийн багш нарт Мэргэжлийн дидактик, Суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүй, Боловсролын чанар үнэлгээ зэрэг сэдвээр БСШУЯ-ны зөвшөөрөлтэй кредит олгох тусгай сургалтыг явуулахаас гадна математик, физик, хими, биологи, газарзүй гэх мэт улсын мэргэжлийн олимпиадыг голлон зохион байгуулдаг.

Нийгмийн ухааны салбар: антропологи-археологи, боловсрол сэтгэл судлал, эдийн засаг, улс төр судлал, социологи-нийгмийн ажил, сэтгүүл зүй олон нийтийн харилцааны 6 тэнхимтэй.

Социологи-Нийгмийн ажлын тэнхмийн багш нар нийгмийн ялгарал, давхраажил, чөлөөт цаг, амьдралын хэв маяг, нийгмийн гаж үзэгдэл, гэмт хэрэг, иргэдийн улс төрийн оролцоо, ядуурал, шилжих хөдөлгөөн зэрэг Монголын нийгэмд тулгамдсан олон асуудлуудыг хамруулан судалгаа хийдэг. Эдийн засгийн тэнхим нь зах зээлийн эдийн засгийн онолын хичээлийг заах хичээлийн хөтөлбөрийг Монголд анх удаа боловсруулан гаргаж, шилжилтийн үеийн эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтийн онолын үндсийг тайлбарлан таниулах чиглэлээр ажиллаж, эдийн засгийн онолын мэргэжлээр оюутан сургадаг үндэсний тэргүүлэх эрдэмтэдтэй. Боловсрол, сэтгэл судлалын тэнхим нь 1992-1993 оны хичээлийн жилээс сэтгэл судлалын мэргэжлээр анхны элсэлтээ авч сэтгэл судлаач, сэтгэл судлалын багш мэргэжилтэн бэлтгэж эхэлжээ. Тус тэнхимийн дэргэд “Сэтгэц оношилгоо, сургалт судалгааны лаборатори” үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаадын зарим байгууллагатай хамтран ажилладаг.

Хүмүүнлэгийн ухааны салбар: философи шашин судлал, түүх, монгол хэл хэл шинжлэл, утга зохиол урлаг судлал, Их Британи Америк судлал, Европ судлал, Ази судлалын 7 тэнхимтэй. Монгол хэл, хэлшинжлэлийн болон утга зохиол урлагийн тэнхим нь эх хэл, бичиг соёл хийгээд монголчуудын уламжлалт мэдлэг ухааны өв хөмрөг болсон монгол, төвд, манж хэлээрх сурвалж бичгүүдийг болон Монголын нүүдэлчдийн соёл урлаг, ёс заншил, сэтгэлгээний онцлог зэрэг бичгийн дурсгалд олон зуун жилээр хэрхэн уламжлагдаж ирснийг судлах, Монголын сонгодог уран зохиол, Монгол ардын аман зохиолын баялаг өв, монгол хэлний онцлог шинжийгсудлахтомхон төвүүд бөгөөд дэлхийн жишигт хүрсэн хэл, соёлын тогтолцоот боловсролтой чадварлаг судлаач болон багш мэргэжилтнийг бакалавр ба ахисан түвшинд бэлтгэн гаргадаг. Философи шашин судлалын тэнхим нь философи, шашны янз бүрийн уламжлал, үзэл баримтлал, онол болон түүхийн өргөн хүрээг хамарсан хичээлүүдийг суралцагчдад санал болгодог бөгөөд философийн түүх, ёс зүй, гоо зүй, метафизик, эпистемологи зэрэг философийн үндсэн агуулга, дэлхийн гол шашнуудын гол номлол сургаалуудын түүхэн хөгжил, урсгал чиглэлүүдийн талаархи өргөн мэдлэгийг олгоно. Хэл, орон судлалын салбарт гадаад хэлний бодлого, сургалт заах арга зүйн салбарт тэргүүлэх төв байж, гадаад хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн, Монгол улсаа төлөөлөн олон улсад ажиллах мэргэжлийн ур чадвартай манлайлагч боловсон хүчин бэлтгэж байна. Тус салбарт Монгол улсын хэмжээнд хамгийн олон буюу 15 гадаад хэл заадаг. 40 гаруй оюутны тэтгэлэгтэй, гадаад улсад 2 хүртэлх жилээр суралцах, дадлага хийх боломж оюутнуудад нээлттэй.

Тус сургуульд хэрэгжиж байгаа хөтөлбөрүүд нь хамгийн уян хатан, сонголт ихтэй, оюутны чадвар бололцоо, сурах эрх чөлөөг хангахуйц байдаг. Дээрх мэргэжлийн тэнхимийн эрдэмтэн багш, судлаачид АНУ, Япон, Герман, Англи, ОХУ, БНСУ, БНХАУ, Чех, Канад, Голланд зэрэг олон орны эрдэмтэдтэй хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд тус тэнхимээс Монгол Улсын Ардын багш, гавъяат багш, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүн зэрэг олон арван алдартнууд төрөн гарчээ.

Тус сургуульд хэрэгжиж байгаа хими, сэтгүүл зүй, улс төр судлал, англи хэл шинжлэл,орос хэл шинжлэл, франц хэл судлал, япон хэл судлал, герман хэл судлал, хятад хэл шинжлэл, солонгос судлал, турк судлал хөтөлбөрүүд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлүүлсэн.

Манай төгсөгчид нийгмийн аль ч салбарт ажиллах мэдлэг чадвартай байдаг бөгөөд ажлын байраар хангагдсан үзүүлэлт сайн. Манай сургуульд сурснаар ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудад багшлах, эрдэм шинжилгээний байгууллага, төр болон төрийн бус хувийн хэвшлийн байгууллагад ажиллах өргөн боломж Та бүгдийн өмнө нээлттэй байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар