Эрхэм хүндэт эрдэмтэн багш судлаач, ажилчин албан хаагч та бүхний амгаланг айлтгая.
Өнгөрч буй 2013-2014 оны хичээлийн жил МУИС-ийн түүхийн нэгэн онцлог хуудас боллоо. Манай эрдмийн хамт олон оюутны сонголтыг эрхэмлэсэн сургалтын кредит системийг жинхэнэ утгаар нэвтрүүлэх, өрсөлдөөнт, үр өгөөжтэй сургалт, судалгааны тогтолцоо бүрдүүлэх, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх, хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэх бололцоог хангасан, дээд боловсролын дэлхийн жишигт нийцсэн орчин бүрдүүлэхэд чиглэсэн бүтцийн өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүллээ.
Мөн МУИС-ийн эрх зүйн орчныг сайжруулан өөрчлөх, удирдлага, зохион байгуулалтыг оновчтой болгох, сургалтын үйл явцыг үр өгөөжтэй зохион байгуулах, оюутны үйлчилгээг чанарын шинэ шатанд гаргахын төлөө тодорхой ажлуудыг хийлээ. Тухайлбал, МУИС-ийн хэмжээнд 35 хөтөлбөрийн хороод байгуулагдаж тэдгээрт нийт 260 гаруй профессор багш нар ажиллаж, 70 бакалаврын хөтөлбөрийг боловсруулсныг Ерөнхий хороо болон дэд хороод, тэнхмүүдийн хамтарсан ажлын хэсгийн 100 гаруй гишүүд хянан нягталж, экспертийн дүгнэлт хийн хэлэлцүүлэн батлуулав. Сургалтын нэгдсэн алба байгуулснаар оюутанд хүргэх академик үйлчилгээг үр өгөөжтэй, чанартай хүргэх боломж бүрдлээ.
2014 онд МУИС-ийг 3415 бакалавр, 415 магистр, 2 доктор төгсөж, төгсөлтийн ёслолын үйл ажиллагааг Чингисийн талбайд зохион байгууллаа. Одоо шинэ бүтцийн анхны оюутнуудаа элсүүлэн авах ажлыг зохион байгуулж байна.
2013-2014 оны хичээлийн жилийн эхэнд төсвийн тодотгол хийх үед бүрэлдэхүүний хэд хэдэн сургууль санхүүгийн хувьд нэлээд хүндэрсэн байдалтай байсан боловч санхүүгийн хөрөнгө нөөцийг төлөвлөн, зардлыг оновчтой хуваарилан ажилласнаар бид 2014 оны эхнээс нийт багш, ажилтны цалинг 10 хувиар нэмэгдүүлэн, энэ оны эхний хагас жилийн төсвийн гүйцэтгэл МУИС-ийн хэмжээнд төсвийн эерэг үр дүнтэй байна. Энэ нь зуны их болон урсгал засвар, хөрөнгө оруулалтын санхүүжилтыг ямар нэгэн хүндрэлгүйгээр гаргах боломжийг бий болгож байна.
Одоо бид ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрийн асуудлыг Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэх ба ирэх хичээлийн жилд багш, ажилтны цалинг тодорхой хувиар нэмэх асуудлыг судлан шийдвэрлэх болно.
Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэнд хүргье.
Хотол түмнээрээ сайхан наадаарай.
Захирал доктор А.Галтбаяр