Экологийн салбарт докторын зэрэг хамгааллаа

Share Button

МУИС-ийн ББС-ийн Экологийн тэнхим (хуучин бүтцээр), одоогийнШУС-ийн Биологийн тэнхимийн багш Дашдондог овогтой Нарангарвуу 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Тайвань улсын Тайваний Үндэсний Их Сургууль (National Taiwan University)-д “Spatial and Temporal Variability of Macroinvertebrate Assemblages in Xindian Watershed, Taiwan: Implications for Bioassessment” сэдэвт докторын диссертацийн ажлаа амжилттай хамгааллаа.

Narangarvuu hamgaalalt_06_30_2014

Багш Д. Нарангарвуу (голд) Тайваны Үндэсний Их Сургуулийн Шавьж судлалын тэнхимийн эрхлэгч профессор En-Cheng Yang(зүүн гар талаас), удирдагч профессор Ping-Shih Yang(баруун гараас) нарын хамт

Ингэснээр 2013-2014 оны хичээлийн жилд хуучин Экологийн тэнхимээс өндөр хөгжилтэй оронд докторын зэргээ хамгаалсан дөрөв дэх багш нь Д. Нарангарвуу боллоо. Тэрээр 2009 оноос тус их сургуульд суралцаж эхэлсэн бөгөөд судалгааныхаа ажлыг Тайваний Үндэсний Их Сургуулийн Шавьж судлалын тэнхимийн Шавьж хамгааллын лабораторит профессор Ping-Shih Yang-ийн удирдлагаар хийж гүйцэтгэсэн юм. Нарангарвуугийн судалгааны ажлыг Тайваний Үндэсний Шинжлэх Ухааны Зөвлөл (National Science Council of Taiwan)-өөс 2009-2012 онд санхүүжүүлсэн байна. Нарангарвуугийн удирдагч багш профессор Ping-Shih Yang нь Тайваний Үндэсний Их Сургуульд Ургамлын патологи, шавьж судлалын тэнхимийн эрхлэгч, Биологийн Нөөц, Хөдөө Аж Ахуйн Коллежийн деканаар ажиллаж байсан, усны шавьж, шавьж хамгаалал, этно-энтомологийн чиглэлээр судалгааны ажил хийдэг, энэ чиглэлээр хэдэн зуун эрдэм шинжилгээний бүтээл хэвлэн нийтлүүлсэн туршлагатай судлаач юм.

Уур амьсгал, газар ашиглалтын төлөв байдал хурдацтайгаар өөрчлөгдөж буй Монгол орны хувьд цэнгэг ус, түүний биологийн нөөц, экосистемийн үйлчилгээний асуудал ихээхэн чухлаар тавигдаж, манай улсын тогтвортой хөгжлийн бодлогын салшгүй хэсэг болоод байгаа билээ. Багш Д. Нарангарвуугийн сурч эзэмшсэн мэдлэг, чадвар нь энэхүү салбарын сургалт, судалгаанд жинтэй хувь нэмэр оруулах учиртай. Биологи-экологийн салбарт докторын зэрэг амжилттай хамгаалсан багш Д. Нарангарвуугийн эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсэн ерөөе!

МУИС-ийн Биологийн тэнхимийн Экологийн групп

2014 оны 7-р сарын 08

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар