МУИС-ийн 72 дэх удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Хичээлийн жилийн нээлтийн ёслолын арга хэмжээнд БШУ-ны сайд Л.Гантөмөр, БШУ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, МУИС-ийн захирал А.Галтбаяр болон бүрэлдэхүүн сургуулиудын удирдлагууд оролцлоо.
МУИС-ийн Захирлын 2014-2015 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээ
Хичээлийн шинэ жилийн үйл ажиллагааг нээж, МУИС-ийн захирал А.Галтбаяр хэлэхдээ: Өнгөрсөн хичээлийн жилд манай МУИС дэлхийн шилдэг их, дээд сургуулийн жишигт нийцүүлэн бүтцийн томоохон өөрчлөлтийг хийлээ. Энэхүү өөрчлөлтийн үр дүнд МУИС-ийн оюутнууд өөрсдийн хүсэл сонирхол, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хичээлээ чөлөөтэй сонгон суралцах орчин нөхцлийг бүрдүүлэв. Өөрөөр хэлбэл уламжлалт сургалтын тогтолцооноос тодорхой хэмжээгээр татгалзаж, шинжлэх ухааны үндэстэй судалгаа шинжилгээ, техник технологийн ололт амжилтад суурилсан зах зээлийн эрэлт шаардлагыг хангахуйц сургалтын шинэ үүд хаалгыг нээж, орчин үеийн дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхаж байна.
МУИС-ийн шинэчлэлийн амин чухал асуудал болсон хичээлийн хөтөлбөрүүдийг дэлхийн тэргүүлэх их, дээд сургуулийн жишиг, монголынхоо уламжлалт сургах арга барил, хуримтлуулсан өв санд тулгуурлан шинэчлэн боловсрууллаа. Энэ бүх өөрчлөлт шинэчлэлтийн төлөө хамтран ажилласан эрдэмтэн мэргэд, судлаач багш, ажилчид, оюутан залуустаа гүн талархал илэрхийлье хэмээсэн юм.
Энэ хичээлийн жилд МУИС-д нийт 23,435 оюутан, магистрант, докторант суралцаж, шинээр 3,655 оюутан элсэн орж байгаа бөгөөд нийт элсэгчдийн дундаж оноо 648 болсон нь өмнөх жилүүдээс даруй 36 оноогоор илүү байгаа юм.
МУИС-ийн захирал хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан жил бүр шинжлэх ухааны нээлт, эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд өөрийн нэрэмжит шагнал олгодог уламжлалтай билээ. 2.000.000 төгрөг байсан шагналын санг өнөө жилээс эхлэн 3.000.000 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн нь судалгааны их сургууль болох стратеги зорилтоо хэрэгжүүлэх, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг судлаачаа дэмжих бодлогын илэрхийлж болж байна. Энэ жилийн шагналыг ШУС-ийн БУС-ын профессор В.Адъяасүрэн “Харди Гильберт төрлийн тэнцэтгэл биш ба шугаман операторын тоон мужийн судалгаа” сэдэвт цуврал бүтээлүүдээрээ болон Томос Ройтерсд бүртгэлтэй импакт фактор бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлд 3 өгүүлэл хэвлүүлсэн амжилтаараа энэхүү шагналыг хүртэж байгаа юм. Хичээлийн шинэ жилийн нээлт дээр хэлсэн үгэндээ МУИС-ийн захирал А.Галтбаяр ч, БШУ-ны сайд Л.Гантөмөр ч олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн чадварлыг судлаачаа дэмжих бодлогыг тууштай явуулахаа мэдэгдэж байлаа. Мөн дээрх үеэр МУИС-д шинээр элссэн Улсын олимпиадад эхний байр эзэлсэн оюутнуудад “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг” олгож хичээл сурглагад нь амжилт хүслээ.
Амжилттай сурах нь асуудал шийдэлт, идэвхтэй эрэл хайгуул, тууштай бүтээлч хөдөлмөрийн үр дүн байдаг. Та бүхний хувьд шинэ хичээлийн жил ирээдүйн их амжилтын эхлэл байна гэдэгт итгэлтэй байна. МУИС-ийн оюутан та бүхэн Монгол улсын ирээдүйг бүтээх юм.
Нийт багш ажилчид, төгсөгч оюутнууддаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.