Саяхнаас МУИС даяараа интернэтийн хурд нэмэгдснийг хэрэглэгчид анзаарсан байх.Тэгвэл Мэдээллийн технологийн алба “Комтел” ХХК-тай үйлчилгээний таатай нөхцөл бүхий гэрээ байгуулснаар өмнө нь 32Мбит/сек байсан интернэтийн хурдыг 10-р сарын 6-наас 50Мбит/сек болгож нэмэгдүүлсэн байна. Ингэснээр бүрэлдэхүүн сургууль тус бүрд оногдох интернэтийн хурд 2 дахин өслөө. Түүнчлэн амралтын өдрүүдэд бүтэн харин ажлын өдрүүдэд оройн 17.00 цагаас өглөөний 9.00 цагийн хооронд интернэтийн хурдны хязгаарлалтгүй болгосон нь даруй 6-с 10 дахин нэмэгдэх боломжийг бий болгож байгаа бөгөөд хэрэглэгчдэд томоохон хэмжээний материал татаж авах, нэгэн зэрэг олон хайлт хийхэд саадгүй болов. Ингэж интернэтийн хурд өссөн ч энэ үйлчилгээнд зориулж МУИС-иас гарах зардалд ямар нэг өөрчлөлт ороогүй гэдгийг тус албаны дарга Ш.Содбилэг хэлж байна. Мөн хуучин үйлчилгээ авч байсан МобиНЭТ ХХК-аас 4Мбит/сек хурдтай урсгал авахаар тохирсон нь МУИС-ийг интернэтийн 2 гарцтай болгож аль нэг нь тасарсан тохиолдолд нөөц холболт бий болгох боломжтой болжээ.