“Багш нарын баярын өдөр”-т зориулан багш эрдэмтдийн оюуны үнэлгээг дээшлүүлэх, сургалт, судалгааны ажлын шилдэг арга туршлагыг нийтэд сурталчлах, дэлгэрүүлэх зорилгоор “Шилдэг багш” шалгаруулах үйл ажиллагааг жил бүр зохион явуулдаг уламжлалтай.
Энэ хичээлийн жилд “Шилдэг сурган хүмүүжүүлэгч багш”-аар бичиж оюутны хүртээл болгосон, сурах бичиг, гарын авлага, лекцийн хичээлийн үзүүлэн, Өөрийн удирдаж байгаа судалгааны сэдэв, захиалгат болон гэрээт эрдэм шинжилгээний ажил, үйлдвэрлэл, практикт нэвтрүүүлсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүн зэрэг үзүүлэлтээрээ Байгалийн ухааны салбараас ХШУИС, Мэдээлэл, Компъютерийн ухааны тэнхимийн багш доктор, профессор Д.Гармаа, Нийгэм хүмүүнлэгийн ухааны салбараас доктор Л.Наранчимэг нар тодорлоо. Түүнчлэн “Шилдэг залуу багш”-аар сургалт, судалгааны ажлын гол үзүүлэлт, мэргэжил, гадаад хэл, мэдээлэл технологийн мэдлэгээ дээшлүүлэх талаар олсон амжилт, сургалтын дэвшилтэт тэргүүний арга барил эзэмших, сургах ур чадвараа дээшлүүлэх талаар хийсэн ажил, эрдэм шинжилгээний ажлын тодорхой чиглэл сонгон ажиллаж үр дүнд хүрч байгаа байдал зэрэг үзүүлэлтээр Байгалийн ухааны салбараас доктор Ц.Соёл-Эрдэнэ, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбараас магистр Б.Атарцэцэг нар оноогоор тэргүүлж шалгарлаа.
Эрхэм хүндтэй эрдэмтэн багш нар та бүхний цаашдын сурган хүмүүжүүлэх их үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!