Энтрепренёрууд чуулна

Share Button

FB CoverУлс орнууд дор бүрнээ эдийн засгаа хөгжүүлж, ард иргэдээ чинээлэг, сэтгэл хангалуун амьдруулах, үүний тулд шинэ ажлын байрыг бий болгож, бизнес эрхлэлтийг дэмжих бодлогыг үндэснийхээ хэмжээнд хэрэгжүүлж ирлээ. Хөгжингүй орнуудад 1990-ээд оны сүүлчээр энтрепренёршипыг дэмжих санаачлагууд хэрэгжүүлж эхэлсэн нь өдгөө дэлхийн ихэнх улсад эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, эргээд эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүртээх гол арга зам хэмээгдэн, хөгжиж буй орнууд дуурайж буй гол хандлага болоод байна.

 Монгол Улсад хувийн хэвшлийн бизнес эрхлэгчид, энтрепренёрууд 90-ээд онд явагдсан улс нийгэм дэх өөрчлөлт, зах зээлийн тогтолцоонд шилжсэнээр үүссэн боломжуудыг ашиглан аж ахуйгаа байгуулж, компани болгон тордож ирсэн нь эдийн засгийн ачааны хүндийг үүрэгч томоохон салбар болжээ. Тэгвэл өдгөө манай улсад шинэ үеийн бизнес эрхлэгч, энтрепренёр залуусын шинэ давалгаа үүсч, залуус өөрийн бизнесийг нээж амжилтанд хүрэх гал эрмэлзэл дүүрэн болоод байна.

 Энэхүү шинэ давалгааг мэдэрч, МУИС-ийн Бизнесийн сургууль, Хөдөлмөрийн Яам, Хөгжлийн Шийдэл, Стартап Монголиа байгууллагууд хамтран, МҮХАҮТ, Монголын Ажил Олгогч Эздийн Холбоо, ЖэйСиАй Монголиа байгууллагуудын дэмжлэгтэйгээр 2014 оны 11 сарын 10, 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод “МОНГОЛЫН ЭНТРЕПРЕНЁРУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАН 2014” үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.

 Тус Чуулган нь Монголын эдийн засгийн хөгжлийн нэг чухал гарц болсон энтрепренёршипыг улс орондоо хөгжүүлэх үндэсний стратеги, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, гарааны бизнесүүдийн санхүүжилтийн механизмыг сайжруулах, энтрепренёршипын боловсролыг (сургалт, судалгаа) шинэ түвшинд гаргах, мэдлэг ойлголтыг түгээх, энэ чиглэлийн байгууллагуудын харилцаа холбоог сайжруулах зэрэг олон зорилтуудыг дэвшүүлж, шийдлийг хайж байгаа юм.

 Чуулганы талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар