МУИС-ийн ГХСС-ийн дэргэдэх Күнзийн институтын захирал, доктор Юй Жянь-д “Хүндэт доктор” цол өргөмжлөх ёслолын ажиллагаа өнөөдөр НШУС-ийн хурлын танхимд боллоо. Уг ёслолд НШУС-ийн захирал Г.Эрдэнэбаяр, ГХСС-ийн захирал Д.Бадмаанямбуу болон тэнхимийн эрхлэгч, бусад эрдэмтэн багш нар оролцов. Юй Жянь-д Монгол Хятад хоёр орны харилцаа, тэр дундаа МУИС болон Шандунь их сургууль хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж энэхүү эрхэм цолыг ёслол төгөлдөр гардууллаа.
Юй Жянь талархсан сэтгэлээ нээхдээ” Нэг насны минь бахархалт үйл явдал өнөөдөр тохиож буйд баяртай байна. Даяаршиж буй өнөөгийн нийгэмд дэлхийн олон улс хэл соёл, уламжлалт ёс, гүн ухааны сэтгэлгээгээ харилцан биенээсээ суралцаж, судлах нь туйлын чухал юм. Үүний тод жишээ нь Монгол дахь Күнзийн институтийн үйл ажиллагаагаар илэрч байна. Тиймээс хятад хэлийг түгээн дэлгэрүүлэх, хятад судлалыг дэмжсэн томоохон цөм байх бидний зорилт НШУС, ГХСС, Күнзийн институт гурвын нягт уялдаа бүхий үр өгөөжтэй хамтын ажиллагаагаар хэрэгжих учиртай” хэмээгээд нийт зочдод дахин талархал илэрхийлэв.
Дорнын их сэтгэгч Күнз-ийн төрсөн нутгийн унаган хүү Юй Жянь нь 2011 онд Шандунь их сургуульд өрнийн гүн ухааны судалгаагаар докторын зэрэг хамгаалжээ. Хятад болон гадаадын орнуудын соёл ба шашны харьцуулсан судалгаагаар дагнан ажиллаж байгаа тэрбээр шашин, гүн ухаан, ёс зүй, хятад хэл заах арга зүйн чиглэлээр үр өгөөжтэй олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байснаараа бүс нутгийн хэмжээнд олонд танигдсан эрдэмтэн юм.