МАН-аас зохион байгуулж буй “Ард түмнээ сонсъё” аяны хүрээнд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр тэргүүтэй МАН болон НЗДТГ, Сүхбаатар дүүргийн зарим удирдлагын төлөөлөл бүхий зочид 10-р сарын 13-нд МУИС-ийн оюутнуудтай уулзлаа.
Оюутнуудын санал санаачлага, тулгамдсан асуудал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажил зэрэг олон сэдвээр хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлсэн тус уулзалт МУИС-ийн эрдмийн дугуй танхим болов. Энэ үеэр оюутнууд гурван багт хуваагдаж, Засгийн газарт хандаж дуу хоолойгоо хүргэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлэн өрсөлдөхөд МУИС-ийн Улс төр судлалын 3 дамжааны оюутан Ш.Цэндболд, ОУХС-ийн оюутан Г.Анар нараар ахлуулсан “Google” баг олонхийн санал авснаар тэргүүн байр эзлэн, 150.000 төгрөгөөр шагнууллаа. Тэд шагналынхаа мөнгийг дотуур байрны оюутнууддаа зориулан сагсан бөмбөгийн талбай барихад хандивлаж буйгаа мэдэгдэхэд МУИС-иас нэмэлт зардлыг гаргаж, энэхүү санаачилгыг тун удахгүй ажил хэрэг болгохоо захирал С.Төмөр-Очир амлалаа.