Оюутан оюутандаа үйлчлэх, хамтдаа суралцах, ажиллах, оюутан МУИС хамтран ажиллах оюуны төв буюу МУИС-ийн Оюутны байгууллага, клубуудын ажил хэргээ явуулах танхим өнөөдөр нээлтээ нийлээ. МУИС-ийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа хэд хэдэн ТББ, оюутны нийтлэг эрх ашгийг хамгаалдаг Оюутны холбоо, Магистр, докторын оюутны холбоо, клубууд болон оюутан бүр нээлттэй асуудлаа ярилцдаг, үзэл бодлоо илэрхийлдэг иргэний танхим болох зорилгыг тавьж үүнд 30 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг МУИС хийсэн байна.
Нээлтийн арга хэмжээнд МУИС-ийн Захирал Др. А.Галтбаяр, Сургалт эрхэлсэн Дэд захирал Др. О.Мөнхбат, МУИСОХ–ийн тэргүүн Л.Энхтөр, бусад гишүүд, Клубуудын зөвлөлийн гишүүд, оюутан суралцагсад оролцож тус танхимын цаашдын үйл ажиллагааны талаар үзэл бодлоо илэрхийллээ.
МУИС-ийн захирал Др. А.Галтбаяр “Ноднин жилээс хэрэгжүүлж эхэлсэн өөрчлөлт шинэчлэлийн зорилгын 70-аас 80 хувь нь оюутанд хандсан, тэдний цаашид хөгжих боломж, хичээл, сурах орчин, оюутны үйлчилгээний чиглэлд хандсан байдаг. Энэ хичээлийн жилийн хувьд оюутны амьдрах орчин, тэдний төлөөллийн байгууллагын үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ажлуудыг хийгээд байна. Өнөөдөр өрөө тасалгааны багтаамж төдийлөн хангалттай биш байгаа ч, баригдаж буй номын сангийн барилгад орон зай гарвал та бүхний сурч, хөгжих боломжуудыг улам тэлж өгнө. Надад МУИС-ийн оюутан Монголын ирээдүйг бүтээдэг байгаасай, үүний төлөө ажлуудыг хийх юмсан гэсэн хүсэл мөрөөдөл байдаг. Тэд сурахын хажуугаар зөв бодолтой, төлөвшилтэй хүн болж гарах ёстой. Мөн өөрсдийн сонирхдог зүйлсийг хийдэг байгаасай гэсэн үүднээс клубуудыг дэмжиж тэдэнд орчныг нь бүрдүүлээд өгөх юмсан гэж боддог. Та нартаа амжилт хүсье.”
МУИС-ийн Оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Тэлмэн “Сургуулийн маань захиргаа оюутнууд бидэндээ зориулан ажил хэргээ явуулах өрөөг бэлтгэж өгч байгаад баярлаж байна. Энэ нь нөгөө талаас бидэнд их хэмжээний ачаа ирж байна гэсэн үг юм. Энэ ачааг бид А цэгээс Б цэг хүртэл чадлаараа зөөж амжилттай ажиллах болно. Харин бид оюутан руугаа чиглэж чадахгүй, оюутандаа үйлчилж чадахгүй байвал энэ хийсэн томоохон ажил талаар болох юм. Тиймээс бид оюутныхаа эрхийг хамгаалахын төлөө “МУИС-ийн оюутан Монголын ирээдүй” гэсэн уриагаа эрхэмлэж, зорилго болгоод Монголын ирээдүйн төлөө хамтдаа алхана гэдэгт итгэлтэй байна.”
Сургалт эрхэлсэн Дэд захирал Др. О.Мөнхбат “Энэ өрөө танхимд оюутнууд та бүхэн өөрийн ашигттай зүйл биш, бусдын нийтлэг эрх ашгийн төлөө орж ирэх учиртай. Тэр санаагаа бидэнд мэдэгдэх ёстой. Ингэж бид нэг хамт олон болох юм шүү гэдгийг багш нь хэлмээр байна. Оюутны байгууллагууд, залуучуудын байгууллагууд өөрсдийн үнэт чиг үүргээсээ хазайж янз бүрийн улс төрийн үйл ажиллагаанд оролцох, ямар нэгэн дарга цэргийн ажил хэргийн хэрэгсэл болж хувирах байдал сүүлийн 20 гаруй жил манай оронд ажиглагдаж байгаа. Гэхдээ энэ бүхнийг миний шавиа гэж үздэг, намайг багшаа хэмээн дууддаг та бүхэн минь засч залруулж чадна гэж би итгэдэг. Ярианыхаа төгсгөлд нэг эрхэмийн хэлсэн үгийг дурдмаар байна. МУИС миний төлөө юу хийж чадах вэ гэж асуухаасаа илүүтэй, би МУИС-ийн төлөө юу хийж чадах вэ гэсэн асуултыг өөрсдөөсөө асуугаарай. Үүнийг үнэт зүйл болгон хамтран ажиллавал МУИС-ийн оюутан МУ-ын ирээдүй болно.”
ШУС-ийн Байгалийн ухааны сургуулийн 1-р түвшний оюутан Ө.Хаш-Эрдэнэ:
Энэ үйл ажиллагаанд оролцож байгаадаа таатай байна. Сургуулийнхаа захиргаанд баярлалаа гэж хэлье. Оюутнуудын чөлөөтэй байх, тулгарсан асуудлаа хэлэлцэж ярилцах, хөгжих боломж орчин нөхцөлийг бий болгож өгч байгаад баяртай байна. Манай клубуудын дарга нар үйл ажиллагаагаа цаашид идэвхтэй зохион байгуулах байх. Бид ч мөн өөрсдийнхөө төлөө идэвхтэй оролцогчид байна.
Ийнхүү чин сэтгэлийн үгсээр нээлтийн үйл ажиллагаа өндөрлөж, компъютер, сандал ширээ, зөөврийн компъютер, проектор, шүүгээ, засаж тохижуулсан танхимыг, цаашид үйл ажиллагааг нь амжилттай удирдан явуулах үүрэгтэй нь хамт оюутны байгууллагын төлөөллүүд хүлээн авсан юм.