Ардчилсан Солонгосын КИМ ИР СЕН-ий их сургуулийн ерөнхийлөгч, Сөн Жа Риб тэргүүтэй төлөөлөгчид 10-р сарын 14-нд МУИС-д айлчилж, захирал С.Төмөр-Очиртой уулзан найрсаг халуун яриа өрнүүллээ. Үүний дараа хоёр их сургуулийн удирдлага хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав. Солонгос хэл, соёл судлалд түшиглэн эхэлж буй энэхүү хамтын ажиллагаа зөвхөн цаасан дээр бус үр өгөөжтэй бодит ажил болон хэрэгжиж, цаашид мэдээллийн технологи, био технологи, хими зэрэг байгалийн шинжлэлийн салбарт өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа дээд боловсролын сайд, КИМ ИР СЕН-ий их сургуулийн ерөнхийлөгч Сөн Жа Риб гэрээ үзэглэх ёслолын ажиллагааны үеэр илэрхийллээ. Мөн тэрбээр Монгол улсын эрт ба дунд үеийн түүхийн судалгаа хийхэд сургуулийнхаа эрдэмтдэд туслалцаа үзүүлэхийг МУИС-ийн удирдлагаас хүсч, “Өөрийнхөө газар нутагт хөлөөрөө бат чанга гишгээд мэлмийгээрээ бүх дэлхий ертөнцийг тольдон харж байх хэрэгтэй” гэсэн их удирдагчийнхаа хүү Ким Чин Ир-ийн хэлсэн үгээр яриагаа өндөрлөв.
Их удирдагчийнхаа алдраар нэрлэгдсэн, 65 жилийн түүхт КИМ ИР СЕН их сургуультай ийнхүү хамтын ажиллагаа эхлүүлснээр хоёр талын багш эрдэмтэд харилцан зочилж, сургалт судалгаа явуулж, бие биенээсээ мэдлэг, туршлага солилцох таатай боломж бүрдэж байна.