МУИС оюутан суралцагчдынхаа суралцаж буй байдал, дүнгийн тодорхойлолт, оюутны тодорхойлолт албан ёсоор авах болон бусад үйлчилгээг Түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ) машинаас авах үйлчилгээг сургалтын үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Энэ үйл явдлын нээлтийн ажиллагаа өнөөдөр хичээлийн II байранд МУИС-ийн удирдлагууд, оюутан суралцагчдын төлөөллүүдийн оролцоотойгоор болж өндөрлөлөө.
Дээрх үйлчилгээг Сургалтын нэгдсэн албанаас авдаг байсан бол цаг хугацаагаа хэмнэж, түргэн шуурхай байдлаар ТҮЦ машинаас авснаар сургалтын нэгдсэн албан (СНА)-ы ачаалал буурч, оюутанд өгөх үйлчилгээнд зарцуулах цаг нэмэгдэж байгаа юм.
ТҮЦ машинаас тодорхойлолт, лавлагаа авахдаа оюутны үнэмлэх, СиСи мэдээллийн систем дэх нэвтрэх нууц үгээ ашиглана. Ингэснээр холбогдох мэдээлэл А4 хэмжээ бүхий цаасан дээр СНА-ны даргын гарын үсэг, тамгайтайгаар англи болон монгол хэлний сонголттойгоор хэвлэгдэн гарч ирнэ.
Тодорхойлолт нь хичээлийн жилийн олгогдсон улиралдаа хүчинтэй. Мөн суралцагч нь тухайн хичээлийн жилд оюутны болон дүнгий тодорхойлолт тус бүрээс 2 удаа үнэ төлбөргүй авах бөгөөд түүнээс дээш авах бол тухай бүр 500 төгрөгний хураамж төлнө. Хураамжийг СиСи дансыг ашиглан бэлэн бусаар эсвэл машинд 500 төгрөгний мөнгөн дэвсгэрт хийж бэлнээр төлөх боломжтой. Ийнхүү МУИС-ийн оюутнууд нэг цэгээс дээрх үйлчилгээнүүдийг өнөөдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 2-ны өдрөөс авч эхэллээ.