Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн ректор, профессор Ян И Жан, дэд захирал профессор В. Зоригту, Гадаад харилцааны албаны дарга Аянга, мэргэжилтэн Ялалт нарын төлөөлөгчид саяхан МУИС-д айлчилж захирал С.Төмөр-Очиртой уулзлаа. Уулзалтын эхэнд захирал С.Төмөр-Очир МУИС-д болон бүрэлдэхүүн сургуулиудын захирал, багш профессоруудтай ярилцах цаг гаргаж, уулзалт зохион байгуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн ректор, профессор Ян И Жан 2011 оны 9 сарын 6-нд байгуулсан хоёр сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээ нь Цөлжилтийн судалгаа, Хот төлөвлөлтийн судалгаагаар мөн бүрэлдэхүүн сургуулиудын хоорондын хамтын ажиллагаагаар бодитой эхэлж байгааг онцлон тэмдэглэв.
Уулзалтын дараа Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн төлөөлөгчид МУИС-ийн НШУС, МХСС, МСХ-ийн үйл ажиллагаатай танилцав.
НШУС-ийн эрдэмтэн багш нартай хийсэн уулзалт ярилцлагад захирал Г.Эрдэнэбаяр, дэд захирал С.Мөнхбат, Ц.Төртогтох, П.Дэлгэржаргал, Ё.Довчин, Р.Дарьхүү, Д. Бум-Очир нар оролцож, хамтын ажиллагааны гэрээний дагуу улс төр, түүхийн салбарт хэрхэн ажиллах тухайд зохих шийдэлд хүрснээс гадна, НШУ-ны тодорхой чиглэлээр багш, судлаачид харилцан солилцох, хамтарсан судалгааны ажлын үр дүнгийн тайлангийн хурлыг Бээжин-Хөххот-Улаанбаатар хотуудад хийх, Хүн судлалаар мэргэшин ажиллах судлаачдад хятад хэлний боловсрол олгоход анхаарах, Гүн ухааны салбарт ёс зүйн талаар судалгаа хийж болох тухай, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн зардлаар жилд доктор-1, магистр-1 сургах талаар үндсэн тохиролцоонд хүрлээ.
МСХ-гийн захирал Ж. Бат-Ирээдүй хүндэт зочдыг хүлээн авч уулзан, хүрээлэнгийн бүтэц зохион байгуулалт, хэтийн төлөв, үйл ажиллагаагаа танилцуулав.
МХСС-тай танилцахад захирал Ж. Баянсан, С.Дулам, М.Баярсайхан нар хүлээн авч ӨМБИС – ийн профессор, судлаач багш нарын дэвшүүлсэн судалгааны ажлын саналд үндэслэн боловсруулсан бэлгэдэл зүй, утга зохиол, эх бичиг алтай судлалаар хамтарч гүйцэтгэх ажлын төслийг ӨМБИС – ийн ректор, профессор Ян И Жанд барилаа. Ийнхүү хамтран хийж болох ажлын саналаа МХСС – ийн эрдэмтэн багш нар бичгээр ӨМБИС –ийн МСДС –д хүргүүлж буй явдлыг ихэд үнэлэн ректор, профессор Ян И Жан “Төмрийг халуун дээр нь давтвал сайн” гэдэг Хятадын зүйр үг байдаг үүнтэй утга нэг хамтын ажлын гэрээ байгуулаад тун удаагүй байхад эрдэмтэн профессорууд хооронд хамтын ажиллагаа эхлэж байгаа нь нэн сайшаалтай хэрэг гэж мэдэгдлээ. Түүнчлэн ӨМБИС – ийн зардлаар монгол хэл утга зохиол, эх бичиг судлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгүүлэх зөвшилцөлд хүрч, судалгааны бүтээлийг харилцан солилцох, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй, шийдвэрлэх шаардлагатай чухал асуудал, сэдвээр хамтарсан судалгаа хийх, хоёр талын эрдэмтдийн уулзалт зохион байгуулах, багш судлаач харилцан солилцох, лекц семинар уншуулж туршлага солилцож байх зэрэг асуудлаар хамтарч ажиллахаар боллоо.
Мэдээлэл бэлтгэсэн: МСХ-гийн энбд С.Урантөгс