МТС-ийн удирдлага, багш, оюутнууд шатрын дэлхийн аваргын тэмцээнээс алтан медаль хүртсэн Б.Ануг өнөөдөр хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Тус сургуулийн электроникийн 1-р ангийн оюутан Б.Ану 9-р сарын 30-наас 10-р сарын 11-ний өдрүүдэд Туркийн Анталия хотод зохиогдсон Шатрын Сонирхогчдын Насанд Хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд одтой оролцож, 16 орны 70 гаруй тамирчнаас оюуны чансаагаараа тэргүүлсэн юм. Монголдоо олон улсын хэмжээний мастер “хэргэм”-тэй тэрээр дээрх тэмцээний гран при-г авснаар Дэлхийн Шатрын Холбооны Мастер цол хүртсэн байна.
Оюуны спортоор манлайлагч Б. Ану 2008 онд Сурагчдын ДАШТ-нээс мөнгө, 2010 онд Сонирхогчдын ДАШТ-нээс мөнгө, 19 хүртэлх насны охидын ДАШТ-нээс алтан медалиудыг тус тус энгэртээ гялалцуулсан авъяаслаг тамирчин юм. Түүнийг ирэх 11 сард Өсвөрийн ДАШТ, 12 сард ASEAN-ны орнуудын аварга шалгаруулах тэмцээнүүд хүлээж буй аж.