Монгол Улсын Их Сургуулийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар(ШӨХТГ)-ын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарт тус тус холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүхэд болсон.
Анхан шатны шүүхээс энэ хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд ШӨХТГ-ын байцаагч нарын дүгнэлт, албан шаардлага бүхий захиргааны акт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон Монгол Улсын Их Сургуулийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэжээ.
Уг захиргааны хэргийн талаар эргэн сануулахад, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нар дүгнэлт, албан шаардлагаараа МУИС-ийг оюутан шилжүүлэн суралцуулахдаа шилжилтийн төлбөр авч байгаа нь Боловсролын тухай хууль болон Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчиж байна гэж буруутгаад байсан юм. Ингэхдээ МУИС-ийн захирал А.Галтбаярыг 347 сая төгрөг хууль бусаар авч хувьдаа завшсан гэж Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл түгээсээр ирсэн байдаг.
Энэхүү шүүхийн шийдвэр гарснаар МУИС-д шилжин суралцаж буй оюутнуудын эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдаж, МУИС-ийн хууль ёсны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох гэсэн этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоосон ач холбогдолтой юм. Дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт МУИС-ийн захирал А.Галтбаяр хууль, МУИС-ийн дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулж, хууль зөрчөөгүй хэмээн дүгнэж, шүүхийн шийдвэр гарсан байна.
Уг хэрэгт МУИС-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхмийн эрхлэгч, доктор А.Эрдэнэцогт, захирлын туслах Э.Мөнхдаваа, МУИС-ийн хуулийн зөвлөх Л.Галбаатар нар ажиллажээ.