МУИС-ийн захиргаа 2014-2015 оны хичээлийн жилд Оюутны байгууллагатай хамтран ажиллах, оюутны зарим үйлчилгээг Оюутны байгууллагаар нь гүйцэтгүүлэхээр болсон билээ. Энэ тал дээр МУИС-ийн Оюутны холбоо(ОХ), сургуулийн захиргаатай хамтран ажиллах гэрээ байгуулахын өмнө бусад байгууллагуудтайгаа ямар зохион байгуулалтаар, хэрхэн хамтран ажиллахаа тодорхойлох зорилгоор Оюутны байгууллага хоорондын гэрээг байгууллаа.
МУИС-ийн ОХ-г төлөөлж тэргүүн Д.Энхтөр, дэд тэргүүн Н.Болд-Эрдэнэ нар, Магистрант доктoрантын ОХ-г төлөөлөн тэргүүн М.Отгонбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Цэндболд нар уг гэрээнд гарын үсгээ зурж, үйл ажиллагааг удирдан явуулахаар болж байна.
Мөн ажиллах байр, төлөөллийн зарим эрх үүргийг тодорхой болгож, МУИС-тай байгуулах гэрээний хавсралтад оруулах саналын талаар ярилцсанаар үйл ажиллагаа өндөрлөжээ.