Жил бүрийн 10-р сарын 20-ныг “Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр” болгон зарласантай холбогдуулан МУИС-ийн оюутнууд тэмдэглэн өнгөрүүллээ. Хүн бүрт хүмүүн заяаг олж төрсний эрхэм үнэ цэнийг мэдрүүлж, нийгэмдээ нэр хүндтэй, зөв хүн болон төлөвшихийн чухлыг сануулах зорилготой тус өдөрлөгт БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Сангийн дэд сайд Ганхуяг, МУИС-ийн захирал С.Төмөр-Очир нар болон бусад зочид оролцож, оюутнуудтай санал бодлоо хуваалцав. МУИС-ийн хэмжээнд гурав дахь жилээ түүчээлж буй энэ өдөрлөгийн үеэр “Нэр төртэй амдаръя” уран илтгэлийн уралдааны эзэд тодорч, тэргүүн байрыг НШУС-ийн улс төр судлалын 2-р ангийн оюутан н.Отгонзаяа, дэд байрыг тус сургуулийн нийгэм соёлын антропологийн 1-р ангийн оюутан н.Мижид нар эзэлж шагналаа гардав. Энэ өдрийн бас нэг сюрприз нь Хаагий нэрээр олноо танигдсан ICE-TOP хамтлагийн дуучин н.Хатанбаатар хүрэлцэн ирж, алдаж онож явсан амьдралын туршлагаасаа хуваалцсан явдал байсан бөгөөд түүний индэрт хэлсэн үг бүр оюутнуудын сэтгэл хүрч, нэр төрөө эрхэмлээ хүслийг нь улам бадрааж байлаа.