Нийслэлийн ЕБС-ийн болон газарзүйн гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургуулиудын сурагчдын дунд “Газрын зургийг хэн сайн мэдэх вэ? танин мэдэхүйн уралдаант тэмцээн болно. Энэхүү уралдааныг зөвхөн газрын зургийн талаарх сурагчдын мэдлэгийг сорихоос илүүтэй олимпиадад бэлтгэх, элсэлтийн шалгалтад амжилттай оролцоход нь тустай мэдлэг олгож, туршлага өгөх зорилгоор МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Газарзүйн тэнхим болон МУИС-ийн “Байгаль эх лицей” ахлах сургууль хамтран зохион байгуулж байна.
Тэмцээний зохион байгуулалт: Багийн төрлөөр зохиогдох бөгөөд нэг баг 3 гишүүнтэй байна. Багтаа нэр өгсөн байна. Багийн бүрэлдэхүүнийг сурагчид өөрсдөө сонгож болно.
Тэмцээний бүртгэл: 2015 оны 2-р сарын 24-нөөс 3-р сарын 04-ны 18:00 цаг хүртэл ажлын өдрүүдэд МУИС-ийн хичээлийн 7-р байр 201 тоотод Газарзүйн тэнхимд /Э.Алтанболд/ бүртгүүлнэ.
Бүртгүүлэхдээ тухайн багийн гишүүдийн иргэний үнэмлэх, сурагчийн үнэмлэх зэргийг авч ирэх ба тэмцээнд оролцохдоо дээрх бичиг баримтыг заавал авчирна. Хэрэв тэмцээн дээр ямар нэгэн бичиг баримтын зөрчил гарах, цагаасаа хоцрох, багийн гишүүн дутуу ирвэл тэмцээнээс хасна.
Хугацаа: Энэхүү уралдаант тэмцээнийг 2015 оны 3-р сарын 05-ны 12:00цагаас эхэлнэ.
Хаана: МУИС-ийн “Байгаль эх лицей” ахлах сургуулийн экологийн боловсролын танхимд болно.
Тэмцээний явц: Тэмцээн 2 үе шаттай явагдана. Эхний шатанд тэнцсэн 12 багийг 2-р шатанд өрсөлдүүлж 1-3 байр эзлүүлэн медаль, дурсамж, дурсгалын зүйлээр шагнана.
Уралдаант танин мэдэхүйн тэмцээний даалгаврын ерөнхий зааварчилгаа: Энэхүү уралдаант танин мэдэхүйн тэмцээн нь Физик газарзүйн зураг, Нийгэм эдийн засгийн газарзүйн зураг дээр ажиллах, тэмдэглэх, бодлого бодох, обьектийн нэр олох зэрэг даалгавруудаас бүрдэнэ.