МУИС-ийн Эрдмийн зөвлөл(ЭЗ) 2015 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр ээлжит хурлаа хийж, хэлэлцсэн 5 асуудлын хүрээнд дараах шийдвэрүүдийг гаргалаа. Хурлын гол асуудал “МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ыг хэлэлцэн батлахад төвлөрч, ажлын хэсгийн боловсруулсан төсөлд ЭЗ-ийн гишүүдийг саналыг тусгаснаар уг журам батлагдлаа.
ЭЗ төрөлжсөн хороодынхоо бүрэлдэхүүнийг шинээр томилж, нийт гишүүдийн санал, дэмжлэгээр Сургалтын бодлогын хороо Б.Очирхуяг, Р.Дарьхүү, Ж.Төртогтох, О.Алтансүх, Н.Сонинтамир; Эрдэм шинжилгээ, инновацийн бодлогын хороо Н.Баатарбилэг, Ч.Хашчулуун, Н.Нансалмаа, Н.Цэвэгсүрэн, Д.Баярсайхан; Төсөв санхүү, нийгмийн бодлогын хороо Д.Моломжамц, Р.Энхбаяр, С.Отгонжаргал, Ж.Бат-Ирээдүй, Д.Нямаа; Эрх зүй, хөгжлийн бодлогын хороо А.Эрдэнэцогт, В.Оюумаа, Х.Сэлэнгэ, В.Батцэнгэл Ц.Цэцэгмаа гэсэн гишүүдээс тус тус бүрдлээ. Мөн Ж.Бат-Ирээдүй, Н.Оюун-Эрдэнэ, М.Зулькафил, Б.Болдгив нар “Номын сангийн зөвлөл”-д ЭЗ-өө төлөөлөн ажиллахаар томилогдсон байна. МУИС-ийн захирал, Эрдмийн зөвлөлийн дарга Р.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаа хүлээн авснаар анхны ЭЗ-ийн хуралд оролцож буй энэ үеэрээ Дэлхий дахины их, дээд боловсролын чиг хандлагын талаар мэдээллээ хуваалцаж, Монголын их дээд сургуулиудад хийгдэж буй шинэчлэлийн бодлогын талаар байр сууриа илэрхийллээ. Түүнчлэн МУИС-д баримтлах бодлогоо танилцуулж, үүнд ЭЗ-ийн гишүүдийн дэмжлэг, оролцоо маш чухал гэдгийг онцлон хэлсэн юм. Хурал Сургалт хариуцсан дэд захирал О.Мөнхбат ЭЗ-ийн Сургалтын бодлогын хороонд “МУИС-ийн Хөтөлбөрийн хорооны журам”-ын төсөлд саналаа ирүүлэх хүсэлтийг тавьснаар өндөрлөжээ.