UMAP-ийн Удирдах зөвлөлийн хуралд оролцож, Тайваны төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзав

Share Button

МУИС –ийн Захирал Проф.С.Төмөр-Очир, БСА-ны эрхлэгч Г.Цагаач нар 2011 оны 10 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Тайваны нийслэл Тайпэйд болсон Ази номхон далайн орнуудын их сургуулиудын холбооны Удирдах зөвлөлийн 2011 оны 2 дугаар хуралдаанд оролцож, Тайваны төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзан, зарим их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

Тайваны төрийн өндөр албан тушаалтнуудтай хийсэн уулзалтуудын талаар

2011 оны 10 дугаар сарын 17-ний өдөр  МУИС-ийн Захирал Проф.С.Төмөр-Очир, БСА-ны эрхлэгч Г.Цагаач нар Тайваны Соёлын хорооны Дэд сайд ноён Линтэй уулзаж ярилцав. Уулзалтын эхэнд МУИС–ийн Захирал Проф.С.Төмөр-Очир МУИС-ийн талаар товч танилцуулга хийв. Улмаар Монгол-Тайваны Боловсролын төвийг энэ оны 9 дүгээр сарын сүүлээр Тайваны Боловсролын дэд сайд ноён Лин Цон Минийг МУИС-д айлчлах үеэр албан ёсоор нээсэн тухай мэдээлж, Тайваны талтай хийсэн уулзалтуудын үеэр зөвшилцөж байсны дагуу Тайван, Монголын Соёлын төвийг МУИС-ийг түшиглэн байгуулах асуудлыг тавьж, санал солилцов. Монголын түүх, соёлын холбогдолтой ихээхэн өв Тайванд хадгалагдаж байдаг ба тэдгээрийг хоёр орны эрдэмтэд хамтран судалж, дэлгэх өргөн боломж бий гэдгийг хоёр тал харилцан зөвшөөрч, АНУ-д гурван газар нээн ажиллуулж буй Тайваны Академитай ижил Академийг Монгол улсад байгуулах, эсвэл Тайван, Монголын Соёлын төвийг байгуулах боломжийг судалж үзэхээр болов.

МУИС–ийн Захирал Проф.С.Төмөр-Очир Тайваны Соёлын хорооны Дэд сайд ноён Линий хамт

Энэ уулзалтын дараа МУИС-ийн төлөөлөгчид Тайваны Шинжлэх ухааны хорооны Шинжлэх ухааны боловсролын газрын дарга ноён Чинтэй уулзаж хамтын ажиллагааны талаар ярилцан, Тайваны Шинжлэх ухааны хорооны сайд ноён Лю Чуан Лиг МУИС-д айлчлахыг урьсан урилгыг гардуулж өгөв. Уулзалтанд Тайваны Үндэсний Их Сургуулийн проф.Чао Мин Фу байлцаж Монгол-Тайваны Боловсролын төвийг хөгжүүлэх төслийн санал боловсруулж байгаа тухай мэдээлсний дагуу уг төслийн саналыг хамтран боловсруулж, Тайваны холбогдох яам, хороодоос дэмжлэг авах тухай зөвшилцөв.

МУИС–ийн Захирал Проф.С.Төмөр-Очир Тайваны Шинжлэх ухааны хорооны Шинжлэх ухааны боловсролын газрын дарга ноён Чиний хамт

2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр  МУИС-ийн Захирал Проф.С.Төмөр-Очир Тайваны Боловсролын дэд сайд ноён Лин Цон Минтэй уулзаж, хамтран хэрэгжүүлэхээр өмнө нь хэлэлцэн тохирсон үйл ажиллагаануудын талаар ярилцан, бататгав.

Ази номхон далайн орнуудын их сургуулиудын холбооны Удирдах зөвлөлийн 2011 оны 2 дугаар хуралдаанд оролцсон тухай

Ази номхон далайн орнуудын их сургуулиудын холбооны Удирдах зөвлөлийн 2011 оны 2 дугаар хуралдаан 2011 оны 10 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Тайваны Фу Ен Католик Их сургууль дээр болсон. Хуралд нийт 13 орны 50 гаруй төлөөлөгч оролцож холбооны 2010-2011 оны үйл ажиллагааны тайлан болон  ирэх 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх Стратегийн төлөвлөгөөг хэлэлцэн баталсан. МУИС-ийн төлөөлөгчдийн хувьд тус холбооны үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан, цаашид тус холбооны гишүүн их сургуулиудтай оюутан, багш солилцоог өргөжүүлэх, боловсролын чиглэлээр хамтран ажиллах боломжийг эрэлхийлсэн ихээхэн үр өгөөжтэй хурал болсон. Дашрамд дурдахад, Ази номхон далайн орнуудын их сургуулиудын холбоо (UMAP) нь тус бүс нутгийн их сургуулиуд хоорондын багш, оюутан солилцоог идэвхижүүлэх, тэдний олон улсын боловсролын талаарх ойлголт, мэдлэгийг нь нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг дэмжих зорилготой 1993 онд байгуулагдсан сайн дурын байгууллага юм. Нийт 34 орны 480 орчим сургууль энэ холбооны үйл ажиллагаанд зохих хэмжээгээр оролцож байгаа ба Монгол улсаас МУИС тус холбоонд бүрэн гишүүнчлэлтэй. Холбооны Олон улсын ерөнхий нарийн бичгийн газрыг өнгөрсөн хугацаанд Тайландын тал эрхлэн хариуцаж байсан бөгөөд энэ хичээлийн жилээс Тайваны тал хариуцах болж Тайваны Боловсролын яамны  төрийн нарийн бичгийн дарга ноён Тони Лин Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн. Тус холбооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.umap.org хаягаар орж авна уу.

Тайваны Шинжлэх ухаан, Технологийн Янлиний Их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан тухай

МУИС –ийн Захирал Проф.С.Төмөр-Очир 2011 оны 10 дугаар сарын 18-ний өдөр Тайваны Даулиу хот дахь Янлины Их сургуульд зочилж, боловсролын хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Уг гэрээний дагуу МУИС болон Янлиний их сургууль нэг хичээлийн жилд харилцан 5 хүртэл оюутныг солилцож байхаар болов. Янлиний их сургууль нь Тайваны шилдэг 10 сургуульд багтдаг, шинжлэх ухаан, технологиийн чиглэлээр үндэснийхээ хэмжээнд 1-д жагсдаг сургууль юм. Тус сургуулийн Захирал проф. Ён Бин Ян энэ оны 9 дүгээр сарын сүүлээр МУИС-д Тайваны боловсролын дэд сайдын хамт айлчилсан юм. Энэ сургуулийн талаарх мэдээллийг http://www.yuntech.edu.tw хаягаар хандаж авна уу.

БСА-ны эрхлэгч Г.Цагаач

2011-10-24

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар