МУИС-ийн эрдмийн дугуй танхимд “Оюутны сургалтын тэтгэлэг-2011-2012” тэтгэлгийн батламж гардуулах ёслол боллоо. Энэ сарын 27-нд болсон уг ёслолын ажиллагаанд Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч Маттиас Майер, Зориг сангийн тэргүүн С.Оюун, МУИС-ийн дэд захирал Р.Ринчинбазар болон бусад албаны хүмүүс оролцлоо. Тэтгэлэг авсан нийт оюутнуудыг төлөөлөн МУИС-ийн ЭЗС-ийн 2-р курсын оюутан У.Цогзолмаа үг хэлж, талархлаа илэрхийлэв.
Анх 1999 онд үүсгэн байгуулагдсан Зориг сан болон Швейцарийн хөгжлийн агентлаг долоо дахь жилдээ зарласан энэ удаагийн тэтгэлэгт ШУТИС, ЭМШУИС, МУИС зэрэг улсын их сургуулиудын 620 оюутан хүсэлтээ ирүүлснээс 112 нь сурлагаараа тэргүүлж шалгарчээ. Үүнээс 41 нь МУИС-ийн оюутнууд байлаа.
Тэтгэлгийн эзэд нь сайн үйлсийн бичил төсөл хэрэгжүүлдэг уламжлалтай энэхүү хөтөлбөрт өнгөрсөн хугацаанд бага дунд орлоготой болон малчин өрхийн нийт 649 оюутан хамрагджээ.