НШУС-ийн Социологи нийгмийн ажлын тэнхимээс зохион байгуулдаг “Эрэл шийдэл” оюутны эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр МУИС-ийн эрдмийн танхимд боллоо. Энэ жил найм дахиа буухиалж буй тус хурал Социологи нийгмийн ажлын тэнхим байгуулагдсаны 20 жилийн ойтой давхцан тохиож буйгаараа онцлог болов. Орчин үеийн монголын нийгмийн өөрчлөлт, хөгжлийн чиглэл гэсэн ерөнхий агуулгын хүрээнд оюутнууд тодорхой нэг сэдэв, асуудлыг хөндөн тавьж, түүнийг шийдэх арга замыг эрэлхийлсэн, санал санаачилга дэвшүүлсэн судалгааны ажлуудаа энэ үеэр танилцууллаа. МУИС, ШУТИС, ЭМШУИС зэрэг сургуулийн оюутнуудын хоёр дахь шатанд шалгарсан нийт 12 илтгэл тавигдсанаас сэдвийн эрэлт хэрэгцээ, судалгааны арга зүй, илтгэх ур чадвар, анализ дүгнэлт хийсэн байдал, хэл найруулга зэрэг гол үзүүлэлтээрээ З.Серик багшаар удирдуулсан социологийн 2-р ангийн оюутан Б.Баасансүрэнгийн “Орчин үеийн Монголын нийгэм хэрэглээний нийгэм болон төлөвшиж буй нь” сэдэвт илтгэл тэргүүн байранд шалгарч, Ч.Тамир багшаар удирдуулсан социологийн 4-р ангийн оюутан Т.Мөнхбатын “Оюутан ба цэргийн алба”, социологийн 3-р ангийн оюутан Ж.Лхагвахатаны “Төрийн албан хаагчдын цалингийн өсөлт…” сэдэвт илтгэлүүд удаах байруудыг эзэллээ.
Оюутны эрдэм судалгааны ажлын ур чадварыг сайжруулах, харилцан туршлага хуримтлуулах ач холбогдолтой тус хурлын шилдэг илтгэлүүд Социологи нийгмийн ажлын тэнхимээс эрхлэн гаргадаг мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдэхээс гадна өдөр тутмын сонинд нийтлэгдэж уншигчдын хүртээл болох юм байна.